Яруу найргийн шилмэл шүлгүүдийг түүвэрлэж хоёр боть ном гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-25 14:47:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Сэлүүн тэрлэг”, “Тэнүүн дэлгэр” хоёр боть яруу найргийн номоо шинээр гаргаж, нутгийнхаа 5 залуу яруу найрагчтай хамт номынхоо нээлтийг хийх үеэр түүнтэй ярилцлаа.


-Та шинээр гаргасан хоёр боть номынхоо нээлтийг нутгийнхаа залуу яруу найрагчидтай хамт хийж байна, сэтгэгдлээ хуваалцана уу?

-Сайхан байна, өнөөдөр бол дэлхий нийтээрээ Яруу найргийн өдөр гэж тунхаглан зарласан өдөр л дөө. Энэ өдөр таширлуулаад, мөн Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой гээд олон олон давхар баярыг эрхшээсэн энэ өдөр бид номын нээлтээ сод билигт хүмүүн Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сандаа зохион байгууллаа.

Энэ бол Монголд анх удаагаа нэг нутгийн зургаан яруу найрагч нутагтаа зургуулаа шинэ номынхоо нээлтээ зэрэг хийж байгаа тохиолдол байх гэж бодож байна. Урьд нь би бас дуулж байгаагүй юм байна.

Ер нь ч манай Дундговь аймгийг уянга найргийн өлгий, ухаант мэргэдийн өлгий нутаг гэж ярьдаг. Энэ нь ч ер нь батлагдсан. Хамгийн олон алдарт зохиолчтой, хамгийн олон алдарт яруу найрагчтай газар бол яалт ч үгүй манай Дундговь. Тэгээд энэ ихэс дээдсийнхээ шав мөрийг утга зохиолд үргэлжлүүлж, тэд бүгдийн үйлс, үр хойчийг тэгшлэн зургаан залуу ингээд номынхоо нээлтийг хийж байгаа нь бэлгэ дэмбэрэлийг оршоосон  билиг, билгүүнийг гэрэлтүүлсэн ийм зүйл болж байна даа гэж ихэд баяртай байна.


-Таны хувьд анхны номоо хэзээ гаргаж байв, энэ удаагийн туурвисан шинэ номын тань онцлог нь юу вэ?  

-Би анхны номоо гаргаснаас хойш 20 жил болжээ. 1999 онд “Манагаар чамтай хөөрөлдөхүй” хэмээх номоо гаргаж байлаа. Энэ бол яруу найргийн ном. Саяхан мэт санагдаж байна. Энэ хугацаанд 13 ном гаргажээ. Яруу найргийн номууд голлоно.

Дээр нь хүүрнэл зохиол, үргэлжилсэн үг, тайз дэлгэцийн бүтээлүүд, мөн судалгааны бүтээлүүд гээд 14,15 ном гаргасан байна.

Энэ жил Монголын зохиолчдынхоо 90 жилийн ой, Дундговь аймгийнхаа Утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойд зориулж, яруу найргийнхаа шилмэл шүлгүүдийг түүвэрлэж хоёр боть ном гаргасан. “Сэлүүн тэрлэг”, “Тэнүүн дэлгэр” гэж. Энэ хоёр боть номынхоо нээлтийг нутагтаа, нутгийнхаа таван залуу яруу найрагчтай хамт хийж байгаадаа баяртай байна.


Холбоотой мэдээ