Норвегийн хөлөг онгоцноос 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-24 16:28:35

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Норвеги улсын “Viking Sky” хөлөг онгоцоор зорчиж явсан хүмүүсийн 400 орчмыг нь нүүлгэн шилжүүлсэн тухай “Verdens Gang” сонин мэдээлжээ. Уг онгоц Атлантын далайн эрэг хавийн Норвегийн баруун нутагт орших Мёре-ог-Ромсдал мужаас холгүй явж байх үед хөдөлгүүрүүдийн нэг нь ажиллагаагүй болсон байна.


Одоогийн байдлаар гаталга онгоцон дээр байгаа 1400 хүний 371-ийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Зорчигчдыг гурван нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлж байгаа аж. Аврагчдын хэлснээр, ослын бүсэд салхины эрч суларч, хөлөг онгоцны тавцан дээрх байдал ч урд өдрийнхийг бодвол харьцангуй тайван болжээ.


Уг онгоцны дөрвөн хөдөлгүүрийн гурвыг нь ням гарагт шилжих шөнө ажиллуулж, хөлөг онгоц Молде хотыг чиглэн хөдөлсөн боловч зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа аж. Уг хөлөг онгоц руу удахгүй чирдэг онгоц илгээхээр төлөвлөсөн байна.


Хөлөг онгоцны зорчигчдын дийлэнх нь британичууд болон америкчууд аж. Багийн гишүүд янз бүрийн орны төлөөлөгчдөөс бүрджээ. Нүүлгэн шилжүүлсэн зорчигчдын гурав нь хүнд гэмтэл авсан байна. Нийт 17 хүн гэмтэж эмнэлгийн тусламж авчээ. Хүмүүсийн гэмтсэн шалтгаан тодорхойгүй байна.


Хөлөг онгоцны багийн гишүүдийн дөрөв нь ОХУ-ын иргэд болох тухай Норвеги улс дахь тус улсын Элчин сайдын яам “Facebook” дэх хуудсандаа урьд нь мэдээлжээ.


Норвегийн Тромсё  хотоос Ставангер хотыг чиглэн явж байсан “Viking Sky” гаталга онгоцны хөдөлгүүрүүдийн нэг нь  далайн шуурганы үеэр ажиллагаагүй болсон байна.


Холбоотой мэдээ