Х.Цагаанбаатар самбо бөхийн Дэлхийн цомын АШТ-ий хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-24 11:55:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын самбо бөхийн холбооны  А.Харлампиевын дурсгалд-2019Дэлхийн цомын АШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ.


“Афин 2004” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн шилдэг тамирчин төдийгүй самбо бөхөөр ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин билээ. Тэрбээр 2019 онд жүдо, самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж медальт байрт шалгарсан юм. Түүний хувьд, 2019 оны олон улсын тэмцээний гараагаа ийнхүү амжилттай эхлүүллээ.


ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа ДЦАШТ-д 10 гаруй орны тамирчид оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг алт, 52 кг-д Б.Баасанхүү хүрэл медаль тус тус хүртсэн.


Харин дараагийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-д 2019 оны улсын аварга Н.Хадбаатар /”Хилчин”/ мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Европын хошой аварга, ОХУ-ын Куржевт ялагджээ. Москвад болж буй самбо бөхийн “Дэлхийн цом”-д олон улсын шүүгч, самбо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Х.Батхишиг шүүгчээр ажиллаж байна. Тэмцээн өнөөдөр дуусна.

Холбоотой мэдээ