Хөгшин модыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 12:50:31

Дэлхийн ойн өдрийг  тохиолдуулан БОНХАЖЯ, Германын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хурлыг өнөөдөр зохион байгуулав.

Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га буюу нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт өдөр ирэх тусам буурч байгааг БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Монгол Улс өнгөрсөн хугацаанд хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулж, ойн цэвэрлэгээ, арчилгаа, хортон шавьж устгах зэрэг гол асуудлыг орхигдуулсан. Мөн иргэдийн буруутай үйл ажиллагаа, гал түймрээс шалтгаалан ойн нөөц ихээхэн сүйдэж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ болон Засгийн газар ойн салбартай холбогдох бүхий л хууль, тогтоолын төслүүдийг баталсан ч зарим төсөл хөтөлбөр нь төсөвгүйн улмаас хэрэгжихгүй байна. Тухайлбал, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар баталсан “Цэвэрлэгээ” төслийг тухайн үед нь нэн даруй хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч өдийг хүртэл эхлүүлж чадахгүй байна” хэмээв.

Ойг хамгаалахаас гадна зүй зохистой ашиглаж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай байгааг хуралд оролцогчид хэлж байв. Өнгөрсөн хугацаанд ойд цэвэрлэгээ бага хийсэний улмаас ихэнх ой хөгширч байгаа аж. Хөгшин мод ус, нар их шаарддагаас гадна үндэс нь том байдаг тул шинээр мод ургах боломжийг хязгаарладаг. Монголчууд модыг зөвхөн түлш болон гэрийн мод бэлтгэх зэргээр ой ашиглаж байна. Орчин үед мод, модон эдлэл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг болсон тул ойг эдийн засагжуулах, тэр дундаа хөгшин моддыг ашиглах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүний тулд БОНХАЖЯ ойгоос бөөрөнхий мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийг эцсийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүний шууд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Ингэснээр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд түүхий эд, материалаа хямд үнээр авч, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

БОНХАЖ-ын сайд хурлын өмнө улс төрийн намуудын төлөөллийг хүлээн авч ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ойг эдийн засагжуулах, хамгаалах ажлыг  тусгахыг хүссэн байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ