Аймгийн төвд хөлбөмбөгийн талбай үнэгүй байгуулж өгөхөөр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-20 23:08:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөлбөмбөгийн холбооны сүүлийн дөрвөн жилийн амжилтыг Монголын Хөлбөмбөгийн холбоо үнэлээд энэ ондоо багтаж Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр 20:40-ын харьцаатай ногоон зүлгэн талбайг аймгийн төвд байгуулж өгөхөөр болсон байна.

Энэхүү талбайг Ерөнхий боловсролын 3-р сургуулийг түшиглэн байгуулах аж. 2010 онд аймгийн Хөлбөмбөгийн холбоог анх байгуулсан бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улсын аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль, өнгөрсөн жил алтан медаль хүртсэн байна. Ийнхүү Улсын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Увс аймгийн баг тамирчид түрүүлж, алтан медаль цомын хамт хүртсэн нь Увс аймгийн түүхэн дэх хамгийн анхны багийн спортын алтан медаль болжээ.

Тус холбооны хамгийн сүүлийн амжилт нь энэ сарын эхээр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Футзалны “Үндэсний цом”-оос Увс аймгийн 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчид алтан медаль хүртсэн байна.

 

Холбоотой мэдээ