2019 оны Стокгольмын Усны шагналын эзэн тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-03-20 16:28:17

СТОКГОЛЬМ. /TASS/. 2019 оны Стокгольмын Усны шагналын эзнээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрдэмтэн Жеки Кинг тодорчээ. “Тэрбээр дэлхийн гол мөрний менежментэд асар их хувь нэмэр оруулсан учир” энэ шагналыг олголоо гэж Стокгольмын олон улсын усны хүрээлэн мэдээлсэн байна.


Жеки Кинг “усны урсгалын шинжлэх ухааны ойлголтыг шинэ түвшинд гаргахын сацуу гол мөрний системд менежмент хийх  буюу хөгжүүлэх зардлыг тооцох, үр өгөөжийг бүрэн хүртэх арга замыг боловсруулахад гар бие оролцсон” гэж тус хүрээлэнгийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.


Эрдэмтэн Кинг Кейптауны Их сургуулийн шинжлэх ухааны ажилтан байхдаа эдгээр аргыг боловсруулах ажлыг ахалж байсан байна. Судалгааны энэ ажлыг ӨАБНУ-ын Усны судалгааны комисс санхүүжүүлжээ. 


Стокгольмын Усны Шагналыг усны нөөцийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан эрхэмд 1991 оноос хойш жил бүр олгож эхэлсэн байна. Уг шагналыг 150 мянган ам.доллар, болор баримал, диплом дагалддаг аж. Шагнал гардуулах ёслол энэ оны наймдугаар сарын 28-нд эхлэх Олон улсын усны долоо хоногийн үеэр Стокгольм хотноо болно.


Холбоотой мэдээ