ИТХ-ын ажлын хэсэг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-19 21:01:48

Ховд /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг баталсан. Тус журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хуваарийн дагуу сумдад ажиллаж байна.



Тус ажлын хэсэг өнөөдөр
Орон нутгийн өмчийн газар, Тогтвортой Амьжиргаа-3 төсөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Буянт, Мянгад суманд ажиллаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн үйл ажиллагаа, тогтоол шийдвэр, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.



Мөн сумын сургууль, дотуур байр, эрүүл мэндийн төвд ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр Буянт сумын сургуулийн цахилгааны монтаж, сантехникийн засварыг шинэчлэн хийх, дотуур байрны ор, зөөлөн эдлэлийг сольж, шинэчлэх шаардлагатай зэрэг санал хэлэв. Ажлын хэсэг эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад уламжилж ажиллахаар боллоо.



Буянт суманд өнгөрсөн онд  ОНХС-гийн 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бөгөөд энэ онд 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Харин Мянгад суманд өнгөрсөн онд ОНХС-гийн 87 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжсэн бол энэ онд ОНХС-ийн 201 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжихээр байна. Тус ажлын хэсгийн гишүүд өмнөх оны бүтээн байгуулалтын үр дүн болон сумын хэмжээнд ашиглагдахгүй байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн талаар нэгдсэн мэдээлэл авч, дуудлага худалдаанд оруулах шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмжийн саналыг сумдаас авав.

Тус ажлын хэсэг маргааш Эрдэнэбүрэн, Ховд суманд ажиллана.

 

Холбоотой мэдээ