"Марш тактик-2019" тэмцээнд энэ жил усанд сэлэлтийн төрлийг нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-14 00:08:04

Завхан/МОНЦАМЭ/. Жил бүрийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Марш тактик-2019” тэмцээн эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа баруун бүсийн усан бассейн бүхий спорт цогцолборын зааланд эхэлж тэмцээнд өрсөлдөх тамирчид жагсан шүүгч, тамирчид тангараг өргөж, төрийн дуулал эгшиглэлээ. Нээлтийн үйл ажиллагааны дараа аймгийн удирдлагууд болон тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагын дарга алба хаагчдын жагсаал Завханы төв талбайд болж Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн “Марш тактик-2019”-ийн эхний тэмцээн усанд сэлэлтийн төрлөөр эхэллээ. Энэ жил шинээр орж байгаа тус төрөл анх удаа болж байгаа хэдий ч өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигч ихтэй, баг тамирчид чадварлаг, сонирхол татсан тэмцээн болсон юм. Ширүүн өрсөлдөөн дунд болсон тэмцээнд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 325 дугаар анги, дэд байрыг аймгийн Цагдаагийн газар, гутгаар байрыг Онцгой байдлын газрын тамирчид эзэлжээ. Мөн өдөр ширээний теннис, шатар, даамны тэмцээн эхэллээ. Үргэлжлүүлээд гуравдугаар сарын 13-15-нд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээн болж шилдгүүдээ тодруулах юм. Харин Завхан аймгийн хүчний байгууллагуудын нэгдсэн тооллого оройн тоо, урлагийн нэгдсэн тоглолтууд 16-ны өдөр болох аж. Энэ жилийн марш тактикийн тэмцээний бас нэгэн онцлог нь мини марш тактикийн тэмцээн аж. Тус тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцоно хэмээн энэ жилийн "Марш тактик-2019" үйл ажиллагааг зохион байгуулагч Цагдаагийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ