Омог батлуулах судалгааны ажлыг МАА-н эрдмийн зөвлөл 100 хувь дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-13 16:28:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын Гүр адуу, Сайнцагаан сумын хонины омгийн судалгааны ажлын тайланг МААЭШХ-гийн мал аж ахуйн эрдмийн зөвлөлийн хуралд өнөөдөр танилцуулж, 100 хувийн саналаар Их эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх шийдвэр гарлаа.  

Өндөршил сумын Гүр адуу, Хулд сумын Олдохын талын тэмээ, Сайнцагаан сумын Далай багийн хонь бусад үүлдэр омгоос ялгагдах өөрийн гэсэн шинж төрхтэйг генетикийн шинжилгээгээр тогтоосон байдаг.

Олдохын талын тэмээ, Далай багийн хонь мах, ноосны ашиг шим өндөртэй, Гүр адуу хурдлах чадвар, уушигны багтаамж, цусан дахь уургийн агууламж илүү, эдгээр мал бие даасан омог үүлдэр болох боломжтой хэмээн тогтоожээ.

Тиймээс эдгээр омгийг судалж, нуугдмал ашиг шим өндөртэй мал сүргээ илрүүлж, шинжлэх ухааны үндэстэйгээр нутгийн мал сүргийнхээ генефондыг тогтоох ажлыг Дундговь аймаг шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ.  

Монгол адууны стандарт үзүүлэлттэй харьцуулахад Гүр адууны сэрвээний өндөр 5-6 хувь, цээжний бүслүүр 3-6 хувь, биеийн ташуу урт 5-8 хувь, хаврын амьдын жин 9,8 хувиар тус тус илүү байдаг. Шилийн адууны 50 гаруй хувьд ихэвчлэн цагаан, бор, шарга, хул, хонгор зүс зонхилж байдаг ажээ.

Холбоотой мэдээ