АНУ болон “Талибан” хөдөлгөөн энхийн гэрээний төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-13 11:13:41

КАТАР. /NHK/. Мягмар гарагт АНУ болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид энхийн гэрээний төслийг баталсан байна. Талууд цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн энхийн хэлэлцээ 16 хоног үргэлжилж, мягмар гарагт дууссан байна. Өнгөрсөн оны долдугаар сард талууд яриа хэлэлцээ өрнүүлж эхлүүлснээс хойших хамгийн удаан үргэлжилсэн хэлэлцээ энэ болсон байна.


Мягмар гарагийн орой З.Халилзад “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, АНУ-ын цэргийн албан хаагчдыг Афганистанаас гаргах болон терроризмтой тэмцэх баталгаа гаргах тухай хэлэлцээрийн төслийг талууд баталсан гэжээ.


АНУ-ын хувьд Афганистанд терроризм дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор босогчдын бусад бүлэглэлтэй харилцаагаа таслах баталгааг “Талибан” хөдөлгөөнөөс хүсэж байгаа юм.


“Цэргүүдийг гаргах хугацаа болон терроризмтой тэмцэх арга хэмжээнүүд тодорхой болох үед “Талибан” болон Афганистаны Засгийн газар дотооддоо хэлэлцээ өрнүүлж эхэлнэ” гэж З.Халилзадын мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ.


Харин “Талибан” хөдөлгөөний эх сурвалжуудын “NHK” сувагт мэдээлснээр, цэргүүдийг гаргах хуваарийн талаар талууд хараахан тохиролцоогүй байгаа аж. “Талибан” хөдөлгөөний зүгээс АНУ-ын цэргүүдийг хэдхэн сарын хугацаанд гаргахыг шаардаж байгаа бол АНУ-ын тал болгоомжилсон байр суурьтай байна. 

Холбоотой мэдээ