Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг Сайнцагаан суманд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-11 16:58:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан томоохон үйл ажиллагаа болох Команд штабын сургуулийг 4 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Сайнцагаан суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн Онцгой комиссын болон албадын дарга нарын хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоо, үүссэн нөхцөл байдалд хэрхэн, яаж, ямар түвшинд ажиллах дадлага, сургуулийг олгох ажээ.  

Эхний үе шатанд Онцгой комиссын гишүүдийн команд, штабын дадлага сургууль буюу танхимын сургалт зохион байгуулж, энэхүү сургалтаар өгөгдсөн цагийн байдалд өөр өөрийн хариуцсан ажил үүргийн дагуу газрын зураг дээр ажиллаж, төлөвлөлт хийх юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой комисс, албадууд, мэргэжлийн анги бүгд техник хэрэгсэлтэйгээ жагсаж, бэлэн байдлын үзлэгт ордог бөгөөд танхимын сургалтаар цагийн байдал дээр ажилласны дараа хээрийн удирдлагын байранд ажилладаг байна.

Аймгийнхаа онцлог, ихэвчлэн тохиолддог байгалийн гамшигт үзэгдэл, давтамж дээр тулгуурлан урьдчилсан байдлаар газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчний цагийн байдал гээд 5-6 цагийн байдал дээр танхимын сургалт явуулахаар тооцоолж байгаа аж.

Хээрийн удирдлагын байранд интернэт орчин, техник тоног төхөөрөмж, гал тогоо, бие засах газар гээд бүх бэлтгэлийг хангах хэрэгцээтэй байдаг байна.   

Мөн газар хөдлөлт тохиолдсон үеийн цагийн байдалд тулгуурлан Сайнцагаан суманд аврах ажиллагааны дадлага сургууль явуулахаас гадна энэ үеэр хийх хамгийн том ажил нь нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа аж.

Нүүлгэн шилжүүлэх ажлыг Сайнцагаан сумын ЗДТГ бие даан зохион байгуулж, аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газар дэмжлэг үзүүлж оролцохоор  төлөвлөж байна.

Команд штабын энэ сургууль нь аймгуудад 4 жилд нэг удаа зохион байгуулдаг ба 2014 онд Луус суманд дээрх үйл ажиллагааг  явуулж байжээ. 

Холбоотой мэдээ