Боулингийн “Winners” клуб анхны тэмцээнээ 5 саяар байллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-05 12:57:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Боулингийн спортод дуртай, өмнө нь клубын харъяалалгүй байсан хэсэг залуусын шинэхэн байгуулсан “Winners” клубээс “Big bowling” төвд анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулж, 5 сая төгрөгөөр байлав.


“Winners” клубын нэрэмжит анхны тэмцээний аваргаар “Winners-1” баг шалгарч 2,4 сая төгрөг, аваргын цом, алтан медаль өргөмжлөл хүртлээ. Хоёрдугаар байрт “Strikes-1” баг орж 1,5 сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнуулсан бол гуравдугаар байрт “Big bowling-1” баг орж 900 мянган төгрөг, хүрэл медалийн эзэд болов.


Нэг баг 6 гишүүнээс /4 эрэгтэй, 2 эмэгтэй/ бүрдсэн. Баг тус бүр 2 тоглолт гүйцэтгэж хамгийн бага оноо авсан 2 багийг хассаар шилдэг 4 баг үлдэж 1-ээр гарсан нь 4-өөр гарсан багтай халз тоглож, хожсон багууд нь аваргын төлөө өрсөлдсөн юм.


Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, спортын дэд мастер Б.Батхүү /218 оноо/, эмэгтэйчүүдээс “Strikes” клубын Т.Долгормаа /195 оноо/ нар тодорлоо. Шилдэг тамирчид нь тус бүр 100 мянган төгрөг хүртсэн.


Ийнхүү боулингийн хүчирхэг клубуудтэй эн тэнцүү өрсөлдөх “Winners” клуб шинээр мэндэлсэн нь Монголын боулингийн спортын хөгжилд шинэ өнгө төрх нэмлээ.

 



Холбоотой мэдээ