“Эрүүл насжилтын төлөө хамтдаа” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-04 17:44:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Грентологийн үндэсний төв, аймгийн Ахмадын хороо хамтран  “Эрүүл насжилтын төлөө” аяныг тус аймагт эхлүүлж, нээлтээ өнөөдөр хийлээ.

Үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Грентологийн Үндэсний төвийн захирлын зөвлөх, албаны дарга Д.Отгонбаатар, аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа, Эрдэнэдалай сумын Ахмадын хорооны дарга Б.Сугир нар үг хэлж, ахмадуудын эрүүл мэнд, насжилттай холбоотой бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар илтгэл тавин, мэдээлэл хийж, санал бодлоо хуваалцсан юм.

Тус аяны хүрээнд 3 том ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд: нээлтийн үйл ажиллагаа буюу эрүүл, урт удаан наслахад юу чухал болох, юуг анхаарах ёстойг ойлгуулах сургалт зохион байгуулах, Улаанбаатарт очиж үзүүлэх боломж муутай ахмадуудыг Грентологийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, онишилгоонд хамруулах, мөн  ахмадуудын эрүүл насжилтад анхаарах үүднээс аймгийн ЭМГ-тай хамтран эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2 өдрийн кредит сургалтыг зохион байгуулах ажлыг хийх аж.  Үзлэг оношилгоонд 15 сумаас ирсэн ахмадууд хуваарийн дагуу үзүүлэхээр төлөвлөжээ.

Грентологийн Үндэсний төвийн захирлын зөвлөх, албаны дарга Д.Отгонбаатар, Энэ ажил бол өнөөдрөөр дуусахгүй, цаашдаа үргэлжилнэ. Аймгийн төр захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргжилтнүүд төдийгүй хувь хүн өөрөө өөртөө анхаарч, эрүүл, урт наслахын төлөө хичээх хэрэгтэй. Эрүүл урт наслахад хөдөлгөөн болон сэтгэхүй маш чухал юм.” хэмээн онцлон хэллээ.  

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Ахмадын хорооноос “Ахмадад ээлтэй байгууллага”-уудыг шалгаруулж, шагналыг гардууллаа. “Ахмадад ээлтэй байгууллага”-аар Луус сумын дунд сургууль, Сайнцагаан сумын 3-р цэцэрлэг, Эрдэнэдалай сумын цэцэрлэг тус тус шалгарсан байна.

“Эрүүл насжилтын төлөө” аяны нээлтийн үеэр Рейкийн холбооны гишүүд “Хийн дасгал” үзүүлж, аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулсан юм. 

Холбоотой мэдээ