Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа аймагтаа зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-01 20:54:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн эхэллээ.

Аймгийн Засаг даргын санаачилгаар түүний ивээл дор энэхүү тэмцээнийг Сэлэнгэ аймаг анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм. 3 дугаар сарын 1-5-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдах эл тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс гурван насны эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд нийт 500 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна. Энэхүү өсвөрийн шатарчдын хөвгүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1970 оноос, охидын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1976 оноос эхлэн тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хөвгүүдийн 49, охидын 43 дахь удаагийнх болж байгаа ажээ.

Энэхүү шигшээ тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх 4 дүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланка улсын Калутара хотод болох Азийн аварга, мөн ирэх 8 дугаар сарын 13-31-ний өдрүүдэд БНХАУ-ын Веифан хот, 10 дугаар сарын 01-13-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нагпур хотод тус тус зохиогдох Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авах учраас хамгийн хариуцлагатай тэмцээн болж байгаа юм байна.   

Тэмцээний нээлтэд Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Монголын Шатрын холбооны гүйцэтгэх захирал, доктор Ц.Цогбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ШХ-ны дэд ерөнхийлөгч, шатрын ОУ-ын мастер Ж.Жигжидсүрэн, МШХ-ны дэд ерөнхийлөгч, спортын мастер, дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч, доктор профессор М.Баасанжав, Алтанбулаг сумын харьяат Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг, олон улсын шатрын их мастер А.Энхтуул, Шатрын холбооны мастер, олон улсын шүүгч, тус тэмцээний ерөнхий шүүгч н.Мөнхбат, МШХ-ны тэмцээн, сургалт хариуцсан менежер Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ШХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очир, тэмцээнийг ивээн тэтгэгч “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганболд нар оролцлоо.

Сэлэнгэ аймагт 1954 оноос шатрын спорт хөгжиж, аймгийн анхны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байжээ. 

Холбоотой мэдээ