Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-28 22:26:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2015 онд НҮБ-аас батлагдсан дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилго”,  2016 онд батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан Монгол Улсын хөгжлийн алсын хараа, хэтийн зорилго, зорилтуудтай уялдуулан бүсчилсэн хөгжлийн үзэл, баримтлал, бодлогыг шинээр боловсруулах зорилгоор Дундговь аймагт “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг” өнөөдөр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, Дундговь аймгийн ЗДТГ, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулж, тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ИТХ-йн дарга С.Сүхбаатар, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Тус хэлэлцүүлэгт мөн Үндэсний хөгжлийн газрын дарга, Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Б.Баярсайхан, Үндэсний статистикийн хорооны дарга А.Амарбал,  Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүд, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны зөвлөх, Монгол Улсын зөвлөх архитектор С.Намжилмаа нар оролцож, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулахтай холбогдох илтгэлүүд тавьж,  санал авах хэлэлцүүлэг хийж байгаа ажээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлого нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бүх салбарын бодлогыг орон нутагтаа буулгах гол бодлого байх юм. Тиймээс энэхүү хэлэлцүүлэг нь Бүсчилсэн хөгжлийн бодлогод аймгийнхаа хөгжлийн асуудлуудыг тусгахад чухал ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ