Мэдээллийн боловсролыг олгох үндэсний хөтөлбөртэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-02-27 16:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн эрин зуунд улс орнуудад мэдээллийн боловсрол олгох нь нийгмийн хэрэгцээний чухал шаардлага болсныг өнөөдөр “Новотел” зочид буудалд болсон “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форум дээр хөндөж байлаа.

Нийгэмд чиглэсэн боловсролын нэг эд эс нь мэдээлэл болж, өсвөр, залуу үе, оюутнууд болон насанд хүрэгчдэд хүртэл мэдээллийн боловсролыг олгох нь хөгжилтэйгөө хөл нийлүүлэхээс гадна суурь боловсролын бие даасан ирээдүйн чиг хандлага бүхий шинжлэх ухаан болж буйтай форумд оролцогчид санал нэг байгаагаа илэрхийлж байв.



Дэлхий нийтээр интернэтэд суурилсан мэдээллийн даяарчлал ноёрхсон өнөө цагт олон нийтийн цахим сүлжээнд төөрөгдөх бус мэдээллийг хүлээн авч, үнэлж цэгнэн зөв, хариуцлагатай ашиглах шаардлагатай байна. Иймд өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах нь мэдээллийн боловсролын эх үндэс болж байна.


Тиймээс мэдээллийн харилцааны идэвхтэй оролцогч болж буй иргэд, залууст мэдээллийг олж авах, хайх, боловсруулж дүгнэлт хийхэд сургах нь чухал байгаа бөгөөд энэ талын боловсролыг албан болон албан бус байдлаар хэрхэн олгох талаар өнөөдрийн форумд оролцогсод хэлэлцлээ.

Дээрх ажлыг ЕБС-иудад мэдээллийн бие даасан хичээл буй болгож хүүхдүүдийг багаас нь сургах, их, дээд сургуулиудад мэдээллийн багш нарыг бэлтгэхээс эхлэх ёстойг уриалж байв. Манай улсад мэдээллийн боловсрол олгох Үндэсний хөтөлбөртэй болох хэрэгтэй байна гэсэн санааг МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Цэдэвсүрэн дэвшүүлэн тавьсан юм. Тэрээр мэдээллийн боловсролыг олгохтой зэрэгцэн мэдээллийг хамгаалах, оюуны өмчөөс эхлээд мэдээллийн ёс зүй, цахим мэдээллийн орчин дахь аюулгүй байдал, мэдээллийн боловсролыг хөгжүүлэхэд нийгмийн оролцогч талуудын үүрэг, хариуцлага, эрхзүйг хөгжүүлэх асуудал зайлшгүй тавигдаж байгааг онцолж байлаа.


Мэдээллийн боловсрол олгох, энэ талын хүний нөөц багш, мэргэжилтнүүдийг  бэлтгэх ажлыг Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс эхэлж Залуучуудын хөгжлийн төв, бүх нийтийн боловсролын төлөө үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд, их, дээд сургуулиуд болон хот, аймаг орон нутгийн номын сангуудаар дамжуулан нийгэмд хүргэх боломж бололцоо байгааг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Ж.Батбаатар хэлэв.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Өнөөдрийн форум нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг олон нийт, хэвлэл мэдээлэл, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх зорилгоор болж буй”-г онцлоод, “Мэдээлэл, мэдлэг бол орчин үеийн нийгмийн хөгжлийн гол бодлого бүхий стратеги болж байна. Тиймээс иргэддээ мэдээллийг хэрхэн мэдлэгтэйгээр олж авч ашиглах, бусдад түгээх мэдлэг чадварыг олгох нь улс үндэстнүүдийн амин чухал асуудал болоод байна” хэмээн тодотгов.

Монголын Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО, Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны “Sverige” агентлаг болон Германы “Дойче велле” академийн дэмжлэгээр, манай улсад анх удаа зохион байгуулж буй өнөөдрийн Үндэсний форумд мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй сэтгүүлчид, төрийн болон иргэний нийгмийн ТББ-ын төлөөлөл, багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ