“Иргэн таны төлөө” үйлчилгээний танхим нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-27 16:28:44
altantogos

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Онцгой байдлын газар үйлчилгээгээ иргэдэд  илүү ойртуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, тогтмол мэдээлэл өгч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэн таны төлөө” үйлчилгээний танхимыг тохижуулан өнөөдөр нээлтээ хийлээ.

Дундговь аймгаас 2019 оныг “Бүтээн байгуулалт-Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан тус танхимыг ийнхүү нээж байгаа ажээ.


“Иргэн таны төлөө” үйлчилгээний танхимыг иж бүрэн тохижуулж сүүлийн үеийн дэвшилтэт технологи товч бүхий ухаалаг дэлгэц байрлуулсан байна.

Танхимын нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат болон албаны бусад хүмүүс болон сумдын ЗДТГ-ын дарга нар оролцжээ.

Тус танхим ажиллаж эхэлснээр ард иргэд байгууллагын үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, хүний нөөц, санхүү болон цаг үеийн мэдээ мэдээллийг газар дээрээс нь шуурхай авах боломж бүрдэж байгаа бөгөөд тус байгууллагын хамт олон “Бүтээн байгуулалт-Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилд иргэдэд үйлчилгээгээ ойртуулах ажлыг хамгийн түрүүнд санаачлан эхлүүлж, бусад байгууллагууддаа үлгэр жишээ боллоо. 

Холбоотой мэдээ