"Төлөөлөгчдийн өдөр"-өөр иргэдийн 40 гаруй саналыг холбогдох газарт нь уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-27 19:22:25

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ажлын албанаас энэ оны анхны “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгууллаа. “Төлөөлөгчдийн өдөр”-ийн хүрээнд албан байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг уламжлах зорилгоор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Шим-Ус” ОНӨААТҮГазрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцсэн юм.

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчдийн өдөр”-ийг угтаж иргэдээс тус байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг утсаар болон цахим хэлбэрээр урьдчилж авсан ба иргэдээс 40 гаруй санал хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр санал хүсэлтийг тухайн байгууллагуудад уламжиллаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон аймгийн ИТХ-ын 20 гаруй төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга, Жаргалант сумын удирдлагууд оролцов.

“Төлөөлөгчдийн өдөр”-ийн үйл ажиллагаа аймгийн ГХБХБГ-аас эхэллээ. Тус байгууллага нь 2019 оныг “Ил тод, нээлттэй, хамтын ажиллагааны жил” болгож, газар, барилга гэсэн хоёр чиглэлээр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд салбарын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үеэр аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх байгууллагынхаа үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, цаашид хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг орон нутагт зохион байгуулах, газрын кадастрын мэдээллийн сан эрхлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулахад аймгийн ИТХ болон төлөөлөгчдийн зүгээс дэмжиж ажиллахыг хүссэн бөгөөд хамтран шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн саналыг уламжилсан юм. Мөн оролцогчид аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, аймгийн нэгдмэл сангийн тооллого хийлгэх төсөв хөрөнгийг шийдвэрлэх, газрын төлөв байдал чанарын хянан баталгааг хийлгэх, хилийн цэсийн маргааныг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний ажлын санхүүжилт, хөрөнгө, ажиллах хүчийг нэмэгдүүлэх, суурьшлийн бүс үүсэж буй газруудын дэд бүтцийн асуудлыг шийдэх, гэр бүлийн хэрэгцээнд олгох боломжтой байршлыг тодорхойлох, нэгдсэн зуурмагийн үзелтэй болох, түгээмэл тархацтай ашигт малтмалын нэгдсэн ордтой болох зэрэг тодорхой саналуудыг хэллээ.

Түүнчлэн төлөөлөгчдийн өдрөөр аймгийн Шим-Ус ОНӨААТҮГазрын үйл ажиллагаа болон цэвэр усны станц, цэвэрлэх байгууламж, бохир усны дамжуулах станцын үйл ажиллагаа, ажиллах горимтой танилцаж, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх гарц, боломж бололцооны талаар ярилцлаа. Энэ үеэр аймгийн усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар аймгийн Шим –Ус ОНӨААТҮГ-ын дарга Т.Баатарзориг танилцуулж, шийдвэрлэх арга замын талаар хэд хэдэн санал хэллээ. Мөн оролцогчид инженер, техникийн ажилтнуудыг чадваржуулах, байгууллагын санхүүгийн сахилга батыг сайжруулан үргүй зардлыг багасгах, өр авлагыг бууруулах, инженерийн төв болон салбар шугамуудад үзлэг, засвар хийж, тагжуулах, албан газар, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг үе шаттайгаар тоолууржуулах замаар цэвэр усны алдагдлыг бууруулах зэрэг саналуудыг хэлж байлаа.

Тус үйл ажиллагааны үр дүнд газрын харилцаа, барилгын чиглэлээр 2019 онд Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэх, барилгын явцын хяналтыг туршлагатай ахмад инженерүүдтэй хамтран хийх, нийтийн аж ахуйн үйлчилгээний хувьд айл өрхийг хэрэглээний усны тоолууртай болгох, үнэ тарифаа нэмэгдүүлэх, шугам сүлжээний засварыг хийх гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхээр тогтлоо. Ийнхүү “Төлөөлөгчдийн өдөр”-ийн хүрээнд тус байгууллагуудын зарим тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлж, төлөөлөгчид болон иргэдийн санал хүсэлтэд хариулт авсан ба тухайн байгууллагуудын цаашдын үйл ажиллагааны үр дүн сайжрах, хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдсэн юм.

                                                                                                               Н.Лхагва

Холбоотой мэдээ