Ц.Цолмон: МИ-8-ийн осол техникээс шалтгаалаагүй гэсэн хариу ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-17 12:58:48

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос өнгөрсөн оны сүүлчээр осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослын дүгнэлтийг тодрууллаа.

-МИ-8 нисдэг тэрэгний ослын эцсийн хариу гарсан уу. Осолтой холбогдуулж буруутай этгээдэд хариуцлага тооцсон уу?

-МИ-8 ослын техникийн шалтгааныг тодруулахын тулд ОХУ-д хар хайрцгийг явуулж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр техникээс шалтгаалсан зүйл байхгүй гэсэн хариу ирсэн. Осол бол хувь хүний ур чадвар, шөнийн нислэг зэргээс хамаарсан байгаа. Мөн нислэгт оролцож явсан хүн нас барсан учраас цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна. Хувь хүмүүст оногдох хариуцлага эрүүгийн хэргийн шугамаар тооцогдоно. Бид ийм осол дахин гаргахгүй тулд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар сайдын зөвлөлөөр хэлэлцээд, ЗХЖШ-д даалгавар өгсөн. Үүнтэй холбогдуулж дор дороо тодорхой ажил зохион байгуулж байгаа.  Ойрын сайдын зөвлөлөөр эцэслэсэн байдлаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч, дахин осол аваар гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна.

-Нисдэг тэрэг унасны дараа Батлан хамгаалах яам нисдэг тэрэггүй болсон гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юу. Осолд орсон нисдэг тэргийг сэргээн засварлах боломжтой юу. Эсвэл шинээр авахаас аргагүй болсон уу. Хэрвээ шинээр худалдаж авах бол хэдийн хэмжээний хөрөнгө шаардах вэ. Ер нь тус салбар хэдий тооны нисдэг тэрэгтэй вэ?

-Нисдэг тэргийг дахин засаад ашиглах аргагүй. Хуучин техник байгаа. Техникийн шалтгаанаас шалтгаалсан юм байна уу гэдгийг судлуулахад “Техникээс шалтгаалсан зүйл байхгүй” гэж дүгнэлт гарсан. Ер нь хэд хэдэн тооны нисдэг тэрэг бий.

-Бэртэл гэмтэл авсан хүмүүсийн биеийн байдал сайжирсан уу?

-Бие нь сайжирч байна. Хөлөндөө гэмтэл авсан залуугийн эмчилгээ үргэлжилж байна. Бэртэл гэмтэл эхэндээ илрэхгүй сүүлдээ илэрдэг гэмтэй учраас бүх талын шинжилгээнд хамруулсан.

Б.Туул

Холбоотой мэдээ