Оюутан цэрэг хөтөлбөрийн элсэлт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-26 12:29:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюутан цэрэг" хөтөлбөрийн элсэлт маргааш эхэлнэ. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрөөр нийт 5000 гаруй оюутан цэргийг нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бэлтгэжээ. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр мэдээллээ.


Энэ жилийн онцлог нь их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнаас гадна МСҮТ, Политехник коллежид суралцагчдыг оролцуулахаар төлөвлөөд байгааг НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр онцлов.



БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадорж, “Энэхүү хөтөлбөрийг зургаадахь жилдээ хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэ жил мянган оюутан цэргийг эл хөтөлбөрт хамруулахаар тогтсон. Нийслэлд 700 гаруй оюутан бүртгэх бол, орон нутгаас 350 оюутныг хамруулна” гэв.


“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, “Тус хөтөлбөрт бүртгүүлсэн оюутан ирэх сарын 21-22-нд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах юм. Эрүүл мэндийн үзлэгийг суурь шалгуур болгоно. Дараа нь 23-24-нд бие бялдрын шалгуур авах бөгөөд тэнцсэн залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд 2 кредит, 96 цагийн онолын бэлтгэл сургалтад хамруулна. Үүнд Батлан хамгаалах бодлогын үндэс, ерөнхий тактик, галын болон тусгай бэлтгэл гэсэн хичээл заах юм. Сургалтын төгсгөлд хичээл тус бүрээр шүүлэг авч, 60-аас дээш оноо авсан оюутан дараагийн шат буюу цэргийн мэргэжлийн сургуульд хамрагдах болзол хангана” гэв.


Дээрх онолын бэлтгэл сургалтыг оюутны хичээлд саад бололгүйгээр, зөвхөн бямба, ням гарагийн 09-14 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Оюутан цэргийн бэлтгэл сургалтыг давж болзол хангасан оюутнууд зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн хээрийн сургалтад хамрагдах юм. Энэ жил ҮБХИС, Дорноговь, Эрдэнэт,  Ховд, Зүүнбаян дахь цэргийн ангийн хээрийн сургалтын төвийг түшиглэн сургалт явуулах юм байна. Энэхүү хээрийн сургалтаар 14 кредит 560 цагийн хичээл үзсэнээр цэргийн мэргэжил эзэмшиж, цэргийн тангараг өргөх аж.


Оюутан цэрэг хөтөлбөрт элсэх сонирхолтой их, дээд сургуулийн бакалаврын сургалтын нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутан, политехник, МСҮТ-ийн суралцагчид өөрийн сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб дээр энэ сарын 27-ны өдрөөс ирэх  сарын 7-ны өдөр хүртэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм. Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн нэг жил даатгал төлөгдсөн байх/
  • Сургуулийн тодорхойлолт /”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  • Сурлагын дүнгийн хүснэгт /гол дүн 2.8-аас дээш байх/
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулиар 18-26 насны залуус эх орноо хамгаалах, цэргийн жинхэнэ албыг заавал хаах үүрэгтэй. Цэргийн насны залуус дараах дөрвөн хэлбэрээр цэргийн алба хаах боломжтой. Үүнд, Нэг жилийн хугацаат цэргийн алба хаахаас гадна цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн хаах, гэрээт цэргийн алба хаах, “Оюутан цэрэг” хөтөлбөр гэсэн хэлбэрүүд бий.

Холбоотой мэдээ