"Монгол бахархал-ёс заншил" уралдааныг анх удаа зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-26 11:52:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сангаас ирээдүй болсон хүүхэд багачуудад монгол ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн, суралцуулах зорилгоор “Монгол бахархал-ёс заншил” уралдааныг энэ сарын 22-ны өдөр байгууллаа.

Анх удаа зохион болж байгаа тус тэмцээн нь гэрийн даалгавар, “Монголын нууц товчоо” сэдвийн хүрээнд асуулт хариулт, цээрлэх ёс, монгол наадгай, түргэн хэллэг гэсэн 5 төрлөөр явагджээ.

"Монгол бахархал-Ёс заншил" уралдаанд аймгийн төвийн МСҮТ болон 5 сургуулийн зургаан баг оролцож, оюун ухаанаа сорьж, монгол соёл, өв уламжлалаараа өрсөлдсөнөөс Хүмүүнлэг сургуулийн “Таван ухаан”, Цэгц билиг сургуулийн “Сайхан монгол”, Мандал сургуулийн “Дөрвөн бэрх” баг эхний гурван байрыг эзэлжээ.

Монгол наадгай тэмцээнд багууд “Алаг мэлхий” өрж, гэрийн даалгавартаа цагаан сарын мэндчилгээ бэлтгэн оролцсон бөгөөд Хүмүүнлэг сургуулийн “Таван ухаан” баг гэрийн даалгавартаа 5 өнгийн хадагны билэгдлийг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн нь бусад багуудаас илүү онцлог байжээ.

"Монгол бахархал-Ёс заншил" уралдаан нь хойч үедээ соёлын биет бус өв, ёс уламжлалаа өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой хэмээн аймгийн номын сангийн дарга Ц.Одончимэг тодорхойлж, цаашдаа жил бүр монгол үндэсний их баяр Цагаан сарын үеэр уламжлал болгон уралдаанаа явуулна гэсэн юм.  

Холбоотой мэдээ