Согтуу жолоочоос болж таван хүүхэд бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-25 12:39:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан хоёр осолд таван хүүхэд бэртсэн байна. Жолооч нар нь согтуугаар гэр бүлээ тээвэрлэснээс дээрх осол гарсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн баруун замд "T.Chaser" маркын автомашины жолооч А нь согтуугаар жолоо барьсны улмаас гэрлийн шон мөргөж, 3-13 настай гурван хүүхдээ гэмтээжээ.

Мөн Хан-Уул дүүргийн Морингийн давааны замд "T.Pruis" маркын автомашин онхолдож, согтуугаар жолоо барьсан 41 настай Ө, 5-6 настай хүүхдүүдээ гэмтээсэн ослыг Тээврийн цагдаагийн алба бүртгэсэн байна.

Тус алба өнгөрсөн амралтын өдөр 405 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 288 зөрчлийг шалгаж, шийдвэрлэв. Замын цагдаа нар 132 согтуу жолоочийг илрүүлэн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 хүн бэртсэний тав нь бага насны хүүхэд байна.

Улсын хэмжээнд, автомашины хүүхэд хамгаалах суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай байна гэсэн судалгаа гарчээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, хүнд гэмтсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь хамгаалах суудалгүй тээврийн хэрэгсэлд зорчсон дүн гарсан байна.

Иймд аав, ээж нар хайхрамжгүй байдлаас үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хохироох явдал гарч байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдээ хамгаалах суудалтай тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ