Сурагчид гамшгийн эрсдэлээс сэргийлэх тухай саналаа зургаар илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-25 13:20:45

Ховд /МОНЦАМЭ/ Жайка олон улсын байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Японы Нагоя их сургуулийн санаачлагаар МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Жайка ОУБ-ын төслийн баг, Ховд аймгийн Онцгой байдлын газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас хамгаалах, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалтыг энэ сарын 21-нд Цаст-Алтай цогцолбор сургууль дээр зохион байгууллаа. Сургалтад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын 100 орчим сурагч хамрагдсан юм.

Энэ удаагийн сургалтаар Японы уламжлалт картан тоглоомыг танилцуулж, аливаа эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх карт хийх аргачлалыг сурагчдад зааж өглөө. Тухайн картаар дамжуулан сурагчид гамшгийн эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болж, байгалийн гамшгаас хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх талаарх санал бодлоо зургаар илэрхийлсэн юм.

“Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл” нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэд, удирдлагуудыг чадваржуулах зорилгоор 2017 оны 9-р сараас эхлэн манай аймагт хэрэгжиж байгаа бөгөөд цаашид Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудад “Байгалийн гамшгийн талаар иргэдэд хүргэх мэдээлэл, гамшгийн үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах” талаар сургалт явуулах ба энэ чиглэлээр хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна гэж төслийн багийнхан онцоллоо.

                                                                                                                      Н.Лхагва


Холбоотой мэдээ