Идэш тэжээлийн хомсдлоос болж зэрлэг ан амьтад хорогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-20 15:03:18

Увс /МОНЦАМЭ/. Хоол тэжээлийн хомсдол, цас зудны хүндрэл зэргээс шалтгаалан аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 31 ан амьтан хорогдоод байна. Энэ сар гарсаар Малчин, Наранбулаг, Тариалан суманд 23 халиун буга, Завхан суманд таван Монгол бөхөн, Өмнөговь суманд гурван янгир хорогджээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар 12 сумын нутагт зэрлэг ан амьтдын идэш тэжээлийг сайжруулах  биотехникийн арга хэмжээ авч 9,5 сая төгрөгийн өвс тэжээлийг өнгөрсөн долоо хоногт хүргэсэн ч нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм. Зэрлэг ан амьтан хорогдсон шалтгаан нөхцлийг тодруулахаар Малчин сумын Баянхайрхан багийн нутагт хорогдсон бугыг аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжилэхэд ямар нэгэн мал, амьтны халдварт өвчний нөлөөгүй, идэш тэжээлийн хомсдлоос болж өлдөж үхсэн болох нь тодорхой болжээ.

“Зарим сумдад энэ намар эрт цас орж, хүйтний эрч буурахгүй байсны улмаас зэрлэг ан амьтадын хаваржилт хүндэрч байна. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 31 зэрлэг ан амьтан хорогдоод байна. Иймээс зэрлэг ан амьтдад идэш тэжээл хүргэх биотехникийн арга хэмжээг илүү далайцтай, шуурхай авч хэрэгжүүлэхгүй бол байдал хүндрэх төлөвтэй байна ” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Төгөлдөр хэллээ.

 

Холбоотой мэдээ