Хууль бусаар олборлосон 1.2 тонн өнгөт чулууг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-16 14:47:50

Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын эргүүл хяналтаар хураан авсан их хэмжээний байгалийн өнгөт чулууг хэрхэх талаар холбогдох байгууллагууд ярилцаж байна. Зөвхөн чулуу ч бус чулуу олборлоход зориулсан багаж хэрэгсэл байгаа бөгөөд эдгээрийг хадгалаад байх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Хууль бусаар байгалийн өнгөт чулуу олборлон түүдэг явдал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн намар Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын хэд хэдэн удаагийн эргүүл хяналтаар чулуу олборлодог иргэдийг саатуулж, торгууль ногдуулан, ашиглаж байсан багаж хэрэгсэл, олборлосон чулууг нь хураан авсан. Хэд хэдэн удаагийн шалгалтаар 150 гаруй багаж хэрэгсэл, 1.2 тонн гаруй өнгөт чулуу хураасан бөгөөд үүнд зөвхөн чулуу олборлодог бус худалдан авдаг иргэдийг ч хамруулжээ.

Хэдэн сарын турш Мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж буй хураагдсан өнгөт чулууг худалдан борлуулаад орон нутгийн орлогод оруулъя гэхэд энэ нь өөрөө хууль бус үйл ажиллагаа болох тул үүнээс өөрөөр ямар зохистой хэлбэр байж болох талаар тал талын санал гарч байгаа, гэхдээ одоогоор эцсийн шийдэл гараагүй гэдгийг БОАЖ- ын газрын дарга Н. Гантулга хэллээ.

Иргэд эхлээд өнгөт чулууг газрын хөрсөн дээрээс түүдэг байсан бол одоо газрын хөрсийг төнхөн сэндийлж чулуу хайж байгаа  нь Ашигт малтмалын тухай болон Байгаль хамгаалах тухай хууль зөрчсөн үйлдэл болж, холбогдох байгууллагууд хуулийн дагуу ийнхүү арга хэмжээ авдаг байна.  Цаашид ч хяналт шалгалтыг үргэлжлүүлж, идэвхитэн байгаль хамгаалагч ажиллуулан байнгын хяналттай болгохоор төлөвлөж байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ