Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-16 14:28:51

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгост баривчлагдсан Америкийн Виржини муж улсын оюутан Отто Фредерик Вомбиерт тус улсын дээд шүүх засан хүмүүжүүлэх лагерьт 15 жил хорих ял оноожээ. Түүнийг “солонгос түмний эв нэгдлийг хагалан бутаргахыг” оролдсон хэрэгт буруутгасан байна.

Вомбиер Бээжин хотоос жуулчдын багийн бүрэлдэхүүнд багтан Умард Солонгост 12 дугаар сарын 25-нд иржээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-нд Янгакто зочид буудлын гадаадын жуулчдад зориулсан албаны байранд орж, хананд нь өлгөөтэй байсан Солонгосын улс төрийн зурагт хуудсыг хуулан авсан нь тогтоогдсон байна. Америк оюутан буруугаа хүлээж, өөрийгөө “Америкийн Засгийн газрын Умард Солонгосыг чиглэсэн дайсагнасан бодлогын золиос болсон” гэж мэдэгджээ.

Тэрбээр энэ хэргийг сүмийн холбооны даалгавраар үйлдсэнээ хүлээсэн байна. “Би амьдралынхаа хамгийн том алдааг хийсэн” гэж Вомбиер шүүх хурлын үеэр хэлжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ