С. Од- Эрдэнэ: УИХ- ын гишүүний амласан хургатай хонийг сонгуулийн өмнө өгөх боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-16 13:51:05

Иргэдтэй уулздаг 21 хоног тутмын уулзалтаа Дундговь аймгийн Засаг дарга өнөөдөр ахмадуудад зориулан хийлээ. Уулзалтын үеэр Засаг дарга 2015 оны үйл ажиллагаагаа танилцуулж, ахмадуудын асуултад хариулсан юм.

Хэдэн жилийн турш үргэлжлэн ахмадуудын зүгээс тавьж байгаа ахмадын хөгжлийн төвийн талаархи асуудал эл уулзалтын ярианы гол сэдэв болсон. Тодруулбал, таван жил гаруйн өмнө Мандалговь хот дахь ахмадын хөгжлийн өргөө гэр түймэрт өртсөн тул дахин ийм төвтэй болохоор ахмадууд хандив цуглуулан шинэ төвийн зураг төсвийг хийлгэсэн байна. Энэ зураг төслөөр ахмадын хөгжлийн төв нь 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэх хүсэлтээ ахмадын хорооны зүгээс илэрхийлсээр багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Аймгийн Засаг даргын өгсөн хариултаар, улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй ийм үед 1.2 тэрбумын хөрөнгөөр барилга байшин барина гэдэг хэцүү. Тиймээс барилгын ашиглалт багатай талбайг хасч, зураг төслийн шинэчлэн хоёр дахин бага өртгөөр хөгжлийн төвийг барих тухай саналыг хэлж байна. Хэрвээ ахмадууд үүнтэй санал нийлбэл хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаасаа гаргана, УИХ- ын гишүүн Б. Наранхүү ч 200 сая төгрөг өгнө гэдгээ илэрхийлсэн гэлээ. Барилга барилаа гэхэд дараа нь урсгал зардлыг ямар эх үүсвэрээр шийдэж явахаа бас тооцох хэрэгтэй гэв. Ийм саналыг ахмадын хороонд удаа дараа хэлж байгаа ажээ.

Харин ахмадын хорооны дарга Г. Цэрэндорж хэлэхдээ, барилгын зураг төсөл хийлгэх гэж олон арван ахмад хандив өгсөн. Өндөр үнээр ч зураг төсөл хийлгэсэн. Зөвхөн өнөөдөр бид шинэ барилга бариулаад ашиглах гээд байгаа юм биш. Бүхий л үедээ ахмадуудад үлдээх хөгжлийн төв байх тул чанар чансаатай бариулах хэрэгтэй гэж үзэж байна. Одоо гуравхан сарын дараа сонгууль болно. Хэдийд нь зураг төсөл хийлгэж, хөрөнгө батлан, хэдийд нь барилга барих вэ дээ. Тиймээс сонгуулийн дараа эл асуудлыг дахин тавина гэв. Ийнхүү ахмадын хөгжлийн төвийн талаар ямар нэг нэгдсэн шийдэлд хүрсэнгүй.

Ахмадуудын тавьсан дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн амлалттай холбоотой байлаа. Өнгөрсөн онд Б. Наранхүү ахмадуудтай уулзалт хийх үеэр ахмад настан бүрт хургатай хонь өгнө гэсэн бөгөөд энэ амлалтаа хэзээ өгөх гэж байгааг нь Засаг даргаас сурагласан юм.  Засаг даргын өгсөн хариултаар, өнгөрсөн намар мал махны ханш унасан, дээр нь зохион байгуулалт тал дээр хүндрэл учирсан тул хургатай хонийн өглөгийг хойшлуулсан. Одоо сонгуулийн хуулийн дагуу бэлэг сэлт өгөх хориотой тул сонгуулиас өмнө боломжгүй гэв.

Ахмадуудын зүгээс байнга тавьдаг бас нэгэн асуудал энэ удаад дахин давтагдсан. Энэ нь ахмадуудыг санхүүжилтээр талцуулж байгаа тухай юм. 40 жилийн турш нийт ахмад настны эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн Ахмадын хорооноос гадна Чөлөөт ахмадын холбооны салбар Дундговь аймагт байгуулагдаж, энэ холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулан санхүүжилт өгсөнийг Ахмадын хороо буруушааж байна. Аймгийн Засаг даргын зүгээс ахмадын хорооны санхүүжилтэд 30 гаруй сая төгрөг зарцуулдаг байсан бол өнгөрсөн жил танаж, Чөлөөт ахмадын холбоонд ихэнх хувийг олгосон юм байна.  

Аймгийн Засаг дарга хэлэхдээ, ахмадуудыг нам намаар талцуулсан явдал огт байхгүй. Ахмадууддаа зориулсан ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа төсөл болгож бичээд ир, түүнд нь зарцуулагдах төсвийг нь дор бүр өгч байя гэсэн. 30 сая төгрөгийн ихэнх нь цалин хангамжид зарцуулагдах учиргүй. Харин ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаанд зориулагдах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаагаа хэлэв.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ