Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 1990 оноос хойш анх удаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-18 15:52:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, НЗДТГ хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 24-26-нд нийслэлийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль" хийх бэлтгэл ажлаа хангасныг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Энэ нь 1990 оноос хойшхи анхны томоохон сургууль гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.

Сүүлийн үед нийслэлд газар хөдлөх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, ААН, барилга байгууламжид байгаа  иргэдийг хамруулан 40 гаруй аюулгүй талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэхээс гадна, эрэн хайх, аврах ажиллагааг үлгэрлэж, хээрийн эмнэлэг гаргах юм. Энэ үеэр Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашины хөдөлгөөнийг зогсоох аж.

Хэвлэлийн бага хуралд  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж  нар оролцсон юм.

Гамшгаас хамгаалах сургуулийн мэдээллийг хороо, дүүргийн хэмжээнд шат дараатай иргэдэд хүргэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ