Төрийн банкны малчны зээлийн хүү 10 хувь болж буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-16 12:01:59

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд өчигдөр буюу энэ сарын 15-нд Төрийн банк малчны зээлийн хүү 10 хувь болон буурав.

Анх 29.5 хувийн хүүтэй байсан уг зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилт тавин хэрэгжүүлж эхэлсэн "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сарын 05-нд 18 хувь болгон бууруулаад байсан билээ. Хөтөлбөрийн дараагийн шат амжилттай хэрэгжиж малчид зээлээ 10 хувийн хүүтэй авах боломж өчигдөр нээгдлээ.

Төрийн банкнаас зээл авсан малчид Малаа тогтмол хугацаандаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаг байх, Эрүүл мэнд, Нийгмийн даатгал тогтмол төлдөг байх, Арилжааны банкинд Малчин данстай байх зэрэг шаардлагыг биелүүлснээр зээлийн хүүгээ 10 хувь болгон бууруулах боломжтой юм.

Төрийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянга нь 222.7 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус банкны хүүг 10 хувь болгон бууруулснаар бусад арижлааны банкууд ч өрсөлдөөний зарчмаар хүүгээ бууруулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ