Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулга хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-17 19:13:44

Увс /МОНЦАМЭ/. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид ирэх 3 сарын 10-12-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, 2020 оны Австралийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн өргөдөл гаргах талаар заавар зөвлөгөө өгч, танилцуулга мэдээлэл хийх юм байна. Австралийн Засгийн газрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр нь “Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах иргэдийг чадавхижуулахын тулд хүний нөөц, манлайллын үндэс суурийг тавих” зорилготой олон улсын нэр хүндтэй тэтгэлэг аж. Тэтгэлэг хүртэгчид сурч, судалгаа хийх замаар мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, өөрчлөлтийг удирдах болон Австралийн иргэдтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусалдаг байна. Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийг өргөдөл гаргахыг урьж байна. Өргөдөл гаргах хугацаа энэ 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусах ажээ.

Өргөдөл гаргах болзол шалгуур, сонгон шалгаруулалт, тэтгэлгийн үр шим болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://australiaawardsmongolia.org холбоосоор авч болох юм байна.

Сургалтын тэтгэлэг нь Монгол Улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистрын зэргийн боловсрол эзэмших боломж бүрдүүлдэг бөгөөд тэтгэлгийг хоёр ангиллаар олгодог байна. Эхний ангилал нь төв, орон нутгийн төрийн байгууллага, төрийн их, дээд, дунд сургууль, эмнэлэг, төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн газруудын албан хаагчид хандах бөгөөд тус ангилалд нийт тэтгэлгийн 55 хувийг олгодог байна. Харин дараагийн ангилал нь хувийн хэвшил, иргэний нийгэм ба ТББ-ууд, хувийн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, хувийн хэвшлийн олон улсын байгууллагуудын Монгол дахь салбарын ажилтнууд хандах бөгөөд нийт тэтгэлгийн 45 хувийг олгох аж.

Холбоотой мэдээ