Хаваржилт хүндэрсэн сумдад тусламж шаардлагатай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-14 19:06:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 11-нд хуралдаж, улмаар аймгийн Засаг даргын захирамжаар дөрвөн ажлын хэсэг байгуулагдан 2-р сарын 12-13-ны өдрүүдэд хаваржилт хүндрээд байгаа Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Хяргас сумдад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн юм.

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж хаваржилт хүндрээд байгаа сумдын мэдээллийг нэгтгэн хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд: зудын эрсдлийн зураглал үнэлгээг гаргаж танилцуулах, олон улсын байгууллагуудад хандах, тусламж дэмжлэг хүсэх, хаваржилтын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисст дахин танилцуулах, илтгэх хуудас хүргүүлэх, хаваржилт хүндэрсэн сумдын зудын эрсдэлийн талаар төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авахаар боллоо. Тэрчлэн зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авах, түүнд хяналт тавьж ажиллах, малын сэг зэмийг устгах халдваргүйжүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг малчдад шуурхай хүргэж хүндэрсэн багт хүрч ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллах, хилийн инженерийн торыг нээх мал оруулах асуудлыг судалж яаралтай шийдвэрлэх, иргэдийн гар дээр байгаа өвс тэжээлийн тоо хэмжээ, үнийн судалгааг хийж, худалдан борлуулах өвс тэжээлийн нөөцийг сумдад тэгш хүртээмжтэй хуваарилах зэрэг шийдвэрийг гаргаад байна.

Холбоотой мэдээ