Трамп түр зогсолтоос зайлсхийх саналд гарын үсэг зурахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-14 10:48:30

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа энэ долоо хоногийн эцэст дахин түр зогсохоос зайлсхийх боломж олгох саналд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай телевизийн “CNN” компани АНУ-ын төрийн тэргүүнтэй шууд харилцсан хоёр эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


АНУ-ын Конгресс 2019 оны төсвийг батлаагүйгээс үүдэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос хойш Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон билээ. Энэ оны төсөв батлагдаагүйн гол шалтгааныг дурдвал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зорилгоор улсын төсөвт 5 тэрбум гаруй ам.доллар суулгахыг хүссэн боловч үүнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь сөрөг хүчний Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцсэн учраас төсвийг батлах зөвшилцөл гацаанд орж, Засгийн газрын харьяа яам, агентлагуудын үйл ажиллагаа түр зогссон юм. 


Засгийн газрын санхүүжилтийг сэргээх тохиролцоонд одоогоор гарын үсэг зураагүй байна гэж Трамп лхагва гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна. Бүгд Найрамдах нам болон Ардчилсан нам даваа гарагт зарчмын тохиролцоонд хүрсэн тухай Конгрессын Сенатын танхимын төсвийн хорооны дарга Ричард Шелби мэдээлжээ.


Цагаан ордон болон Конгресс нэгдүгээр сарын 25-нд Засгийн газрын үйл ажиллагааг түр сэргээх тохиролцоонд хүрснээр, 35 хоног үргэлжилсэн түр гацалт арилсан юм. Гэвч энэ тохиролцооны хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусна. 


Холбоотой мэдээ