Б.Одонтунгалаг: Монгол бичгээр бичихэд маш гоё, урамтай сайхан байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-14 11:49:57

Увс /МОНЦАМЭ/. “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны төгсөх ангийн сурагчдын ангилалд энэ жил түрүүлсэн Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12 в ангийн сурагч Б.Одонтунгалагтай ярилцлаа.  

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Намайг Батдамжины Одонтунгалаг гэдэг. Би Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12 в ангид сурдаг. Ам бүл дөрвүүлээ. Ээж, эгч, дүү нартайгаа хамт амьдардаг.

-Монгол бичгээр хичээллээд хэр удаж байна?

-Таван жил болж байна. Би М.Өлзийдэлгэр багшийн гарын шавь. Манай багш аймаг, улсдаа олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, түрүүлсэн мундаг багш байгаа. Бгшийн маань аав М.Мягмаржав багш ч гэсэн мундаг багш хүн бий. М.Өлзийдэлгэр багшаараа маш их бахархдаг. Энэ шагналыг авахад багш маань маш их дэмжиж туслаж, зааж зөвлөсөн. Энэ дашрамд багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Монгол бичгийн хамгийн сайхан нь юу вэ?

-Монгол бичгээр бичихэд маш гоё, урамтай сайхан байдаг. Энэ нь бичих тиг, үүсэл гарлаасаа болдог байх. Жишээ нь цэцэг гэдэг үгийг монгол бичгээр бичихэд яг л цэцэг шиг бичигддэг тул их сонирхолтой санагддаг.

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцохын тулд ямар шат дамжлагыг дамжсан бэ?

-Эхлээд “Алтан загасны үлгэр”-ийн найруулга, орчуулгын тухай 300-гаас дээш үгтэй эсээ бичиж явуулаад шилдэг зургаад шалгарсан. Тэгээд Улаанбаатар хотод хувийн зардлаараа очиж шалгалт өгсөн. Энэ шалгалтаар тухайн хүүхдийн бичиг нь мөн эсэх, алдаагүй зөв бичиж байна уу гэдгээр шалгалт авсан. Бид зургаа сугалаа татаж материалаа бичээд би түрүүлсэн. Их шударга, үнэн зөв болдог тэмцээн юм билээ. Шагналд нь МУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, “Хүмүүн бичиг” сонины Батламж, Ерөнхий сайдын гарын бэлэг тус тус хүртсэн.

-Сургалтын төлбөрөө төгстлөө бүтнээр нь даалгана гэдэг чинь эцэг эхийнхээ нуруун дээрх ачааг маш их хөнгөлсөн хэрэг болж дээ?

-Тиймээ. Ээж маань маш их баярласан. Манай эгч бас 12-р анги энэ жил төгсөнө. Дүү маань 10-р ангид сурдаг. Хоёр жилийн дараа нэгэн зэрэг гурван оюутантай болохоор байгаа. Ээжийнхээ нуруун дээрх ачаанаас бага ч болов хөнгөлсөндөө маш их баяртай байгаа.

-Чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Багш юмуу, сэтгүүлч болох хүсэлтэй. Цаашдаа монгол хэл, бичгээрээ дагнаад явна.

-Танай ангийнхан монгол бичгийг хэр сайн сурч байна?

-Их сайн сурч байгаа. Улаанбаатар хотын “Ертөнц төв”-өөс орон даяар зохион байгуулдаг монгол бичгийн “Тээх түгээгч” улсын уралдаанд ангиараа оролцож, нэг удаа улсад түрүүлж, нэг удаа аман хүзүүдсэн. Мөн аймгийн монгол хэл, бичгийн олимпиадад анги нийтээрээ оролцож, 7 болон 11-р ангидаа тус тус хүрэл медаль хүртэж байсан. Ер нь бол бид ангиараа монгол бичигтэн хамт олон байгаа юм.

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд танай ангиас өөр хүүхэд оролцсон уу?

-Би ангиасаа ганцаараа оролцсон. Өмнө нь 2016 онд 10-р ангид байхдаа бас оролцоод 2-р байрт шалгарч, “Хүмүүн бичиг” сонины Батламж, мөнгөн шагнал, 20 жилийн ойн медалиар шагнуулж байсан.

-Завханы Идэр суманд жил бүр зохиогддог “Эх хэлний олимпиад”-ад оролцож байсан уу?

-Өнгөрсөн жил анх удаагаа явж, эхний 20-д орсон. Үнэхээр гоё, дурсамжтай үйл ажиллагаа болдог юм билээ. Эх хэлээ гэсэн сэтгэлтэй маш олон хүүхдүүд ирдэг. Манай сургуулиас багш, сурагч нийлээд 15 хүн явсан. Багш маань хамт явъя гэж байхад өмнө нь явж байх минь яав даа гэж бодоод их харамссан. Энэ жил сүүлчийн жил тул явна гэж бодож байгаа.

-Ойрын зорилго чинь юу вэ?

-Олимпиад дөхөж байна. Монгол бичгийн олимпиадад аймагтаа амжилттай оролцоод улсад явахыг хүсч байна. Би 9-р ангиасаа хойш монгол бичгийн олимпиадад оролцсон. Анх тавдугаар байрт орсон бол 10-р ангидаа хоёрт, 11-р ангидаа гуравт орж байсан. Энэ жил заавал түрүүлнэ гэж бодож байгаа. Хэдий сургууль авсан ч гэсэн элсэлтийн ерөнхий шалгалтаа хойш нь тавьж болохгүй, амжилттай өгч баталгаажуулах хэрэгтэй байгаа.

-Чамд баярлалаа. Амжилт хүсье.

 Тэрбээр ярилцлага өгөхөөр манай редакц дээр өөрийн найз Б.Бадамцэцэг, Д.Самбуу, Б.Ууганбаяр нарын хамт ирсэн бөгөөд найзаараа маш их бахархаж, хүндэлж явдгаа хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ