Улаанбурхан, томуугийн өвчлөл нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:49:26

Өнгөрсөн жил вакцинд хамрагдаж чадаагүй, хоцорсон хүүхэд  улаанбурханаар өвчлөх нь элбэг байна. Өнөөдрийн байдлаар Зуунмодод 30-аад хүүхэд уг өвчний халдвар авч, эмчлүүлж байна. Энэ тоо бага мэт боловч, ажиглалт хийж, харзнаж буй олон хүүхэд бий гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Уг өвчнийг эрт илрүүлэлтийн үед оношилж, тохирсон эмчилгээ хийхгүйгээс хүндэрч, улмаар эмнэлэгийн байгууллагын ачаалал нэмэгджээ. Зуунмод сумын өрхийн эмнэлэгүүд өдөрт 140-220 хүн үзэж буйн дийлэнх нь улаанбурхан, томуугийн шинж тэмдэгтэй байна.

Тухайлбал: Баруун Зуунмод Өрхийн эрүүл мэндийн төв өнгөрсөн долоо хоногт 671 хүнд үзлэг хийснээс 390 орчим нь хүүхэд байв. Үүний 63 буюу 10 хувь нь томуугаар өвчилж, хатгалгаа тусчээ.

Иймд бага насны хүүхэд халуурах, нус гоожих, нүд нь улайж нуухтах, гүвдрүүт тууралт гарвал харъяа эмнэлгийн байгууллагадад хандах шаардлагатай бөгөөд гэрийн нөхцөлд дур мэдэн, антибиотек хэрэглэж болохгүйг анхаарууллаа. Тус төв энэ төрлийн өвчлөлийг бууруулахын тулд өмнөх долоо хоногт долоон голомтын 250 хүнийг дархлаажуулалтанд хамруулжээ.Цаашид сэжигтэй тохиолдол илэрсэн аж ахуйн нэгжид тухай бүрт дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.

Сумын эрүүл мэндийн төвүүд он гарсаар 4000 гаруй хүнд үзлэг хийхэд салхин цэцэг, бэлгийн замын халдвар, сүрьеэ, даралт ихсэх зэрэг өвчин хүн амын дунд зонхилж байгаа нь тогтоогджээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ