Шавжны төрөл зүйлийн 40 гаруй хувьд устах аюул нүүрлээд байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-02-12 14:31:05

КАНБЕРРА. /Anadolu/. Ойрын хэдэн арван жилийн хугацаанд шавжны төрөл зүйлийн 40 гаруй хувьд устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа тухай “Biological Conservation” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлэв.


Австралийн Сиднейн их сургуулийн судлаач Франсиско Санчес-Байо болон БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн судлаач Крис Викхойс нарын бичсэн “Worldwide decline of the entomofauna: A review of its drivers” номонд тэмдэглэснээр, ойрын ирээдүйд шавжны төрөл зүйлийн гуравны нэг нь устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа бөгөөд тэдгээрийн тоо толгой хорогдох нь байгаль дэлхийд ихээхэн сөрөг нөлөөтэй ажээ.


Судалгаанд дурдсанаар, жил ирэх тусам шавжнуудын төрөл зүйл 2.5 хувиар цөөрсөөр байгаа бөгөөд үүнээс үзэхэд нэг зууны дотор шавжнууд байгаль дэлхийгээс бүр мөсөн устах төлөвтэй байгаа аж.


“Шавжнуудын төрөл зүйл цөөрч буйн гол шалтгаан нь пестицидийн хэрэглээ, фермийн бордоо болон аж үйлдвэрүүдээс ялгарч буй хорт нэгдлүүд бол өөр бусад шалтгаануудад бусад төрөл зүйлийн довтолгоо болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг багтаж байна” гэж судлаачид онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн шавжнуудын төрөл зүйлийн тоо толгойн бууралтын түвшин нь шувууд, хөхтөн амьтад болон хэвлээр явагч амьтдаас найм дахин хурдан явагдаж байгаа ажээ.


Шавжнууд нь шувууд, хөхтөн амьтад зэрэг олон төрөл зүйлийн амьтдын гол хоол хүнс болдогийн зэрэгцээ дэлхийн экологийн тэнцвэртэй байдлыг хангагч чухал хүчин зүйлсийн нэг билээ.


Судалгааны төгсгөлд шавжнуудын төрөл зүйл устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэргэжилтнүүд уриалсан байжээ. 

Холбоотой мэдээ