Химийн хорт бодисыг битүүмжилж, аюулгүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-31 15:32:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газрын хашаанд 2004 оноос хойш хадгалагдаж байсан формальдегид хэмээх химийн хорт бодис задарч, асгараад байсныг аюулгүй болгожээ. Уг ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригадын химийн салбар бүлгийн тусламжтайгаар аймгийн Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, 2004 онд тус аймгийн Баяндэлгэр суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний устгалд ашиглахаар авчирсан химийн бодисноос өвчний  голомтонд ажиллаж байсан хүмүүс тодорхой хэмжээнд хордож, улмаар тухайн бодисыг дахин ашиглахыг хоригложээ. Мал эмнэлгийн газрын хашаанд 10 гаруй жил хадгалагдсан тус бодисын сав задарч асгараад байсныг савлаж, битүүмжлэн аюулгүй болгож, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Формальдегид гэх химийн хорт бодис нь хүний бие эрүүл мэнд болоод байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй гэнэ. Энгийн жишээ гэхэд бодисыг мал эмнэлгийн газрын хашаанд хадгалснаас хойш тус газрын хашаан дахь гүний худгийн ус ундны хэрэглээнд ашиглагдах боломжгүй болжээ. Мөн тусгай зориулалтын агуулах саванд хадгалахгүй бол ил задгай байснаар устай урвалд орж, дэлбэрэх аюултай юм байна.


Химийн хорт бодисыг зөөвөрлөх, устгах эрх бүхий төрийн байгууллага манай улсад байдаггүй нь дээрх бодис удаан хадгалагдах гол нөхцөл болжээ. Хэдийгээр эрх бүхий хувийн хоёр компани улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч маш өндөр өртөгтэй гэнэ.

“Бодисыг устгахгүй зөвхөн аюулгүй газарт зөөвөрлөж, хорыг нь саармагжуулах өртөг нь 30 мянган ам.доллар. Гэвч энэ их мөнгийг шууд шийдвэрлэх боломж хомс учир эхний ээлжинд асгарсан бодисыг аюулгүй болгох нь хамгийн чухал байлаа. Дараагийн нэг хүндрэлтэй зүйл бол бодисыг хадгалж буй агуулахын аюулгүй байдал мөн алдагдсан. Дээвэр болон шалнаасаа ус орох эрсдэлтэй болсон байна. Тиймээс цаашид ойрын хугацаанд агуулахыг засварлах, эсвэл шинэ баталгаатай агуулах шийдвэрлэх шаардлагатай.” гэдгийг Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг хэллээ.

 

 

 

Холбоотой мэдээ