Завханд агаарын бохирдол хэвийн хэмжээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-29 22:38:31

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг агаарын бохирдолгүй, хэвийн хэмжээнд байгаа хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тус газраас Улиастай сумын хүрээнд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/РМ10/-ийн үзүүлэлтүүдийг өдөр бүр тодорхойлдог ажээ. 

Шинжилгээний дүнгээс үзэхэд MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтэрсэн тохиолдол ажиглагдаагүй, зөвшөөрөгдөх  хэмжээнд байна хэмээн мэдээлэв. Тодруулбал нэгдүгээр сарын 28-ны өдөр Улиастай сумын хүрээнд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцорийн үзүүлэлтүүдийг шинжлэхэд хүхэрлэг хий хэмжилтийн дүнгээр 5 /мкг/м3/,  азотын давхар исэл 6 /мкг/м3/ байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдоогүй байна. Агаар бохирдуулагч хийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь хүхэрлэг хий 450 /мкг/м3/ байдаг бол азотын давхар исэл нь 200/мкг/м3/ байдаг ажээ.

Нүүрсний хэрэглээ нэмэгджээ

Завхан аймгийн агаар бохирдуулагч суурин эх үүсвэр 2018 онд нийт 11102 бүртэгджээ.

Аймгийн хэмжээнд 2018 онд нийт 112466 м³ мод, 32125.8 тн нүүрс, 2017,8 тн аргал, хөрзөн, боловсруулсан түлш хэрэглэсэн судалгаа байна. Харин хөдөлгөөнт эх үүсвэр 14208 тоологдож үүнээс 9610 нь үзлэг оношилгоонд хамрагджээ. Аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 10920 айл өрх, 4982.3тн нүүрс, 103176м3 мод, 2017.8тн бусад болон боловсруулсан түлш зарцуулсан байна. Завхан аймгийн 24 сумын айл өрхүүд нь ихэвчлэн мод хэрэглэдэг. 2018 оны тооллогийн дүнгээс харахад 2017 оноос модны хэрэглээ 2.1 хувиар буурсан, нүүрсний хэрэглээ 3048.5 тонноор нэмэгдсэн харагдаж байгаа нь айл өрхүүд нүүрсний хэрэглээ нэмэх хандлагатай байна. Мөн Улиастай, Шилүүстэй сумд сайжруулсан түлшний хэрэглээгээ нэмэгдүүлсэн нь сайшаалтай хэмээн аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Төвлөрсөн халаалтад холбогдох нь агаар бохирдуулахгүй сайн талтай 

2018 онд Завхан аймагт 159 аж ахуй нэгж байгууллага 11-100кВт-ын хүчин чадалтай зуух ашиглаж нийт 7563.5тн нүүрс, 9290м3 мод зарцуулж дулаан үйлдвэрлэсэн байна.

Ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уурын болон усан халаалтын, технологийн зориулалттай уур үйлдвэрлэдэг, төвлөрсөн болон нэгдсэн дулаан хангамжийн усан халаалтын, барилгын болон томоохон үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж байгаа зуухнуудыг энэхүү тооллогод хамруулжээ. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 11-100кВт хүчин чадалтай зуух сүүлийн жилүүдэд багасч байгаа. Тухайлбал Нөмрөг, Эрдэнэхайрхан сумын жижиг зуухнууд нэг төвлөрсөн халаалтад холбогдсон нь агаар бохирдуулах эх үүсвэрийн тоог багасгажээ. Мөн усан халаалтын 11-100кВт хүртэл чадалтай 159 зуухнаас жилд дунджаар 1747тн үнс хуурайгаар хог хаягдлын төвлөрсөн цэгт хаядаг гэсэн судалгаа гаргажээ.

Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр нэмэгджээ

Тэгвэл 2018 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогоор Завхан аймгийн гэр, байшингийн зууханд жилдээ 4982.3тн нүүрс, 103176м3 мод, 2017.8тн боловсруулсан түлш болон бусад зүйлийг түлж байгаа нь агаарыг бохирдуулах нэг гол эх үүсвэр болж байна.

Том оврын уурын зуухнуудын нүүрс, үнсний сав ил задгай байлгаж байгаагийн улмаас салхины нөлөөгөөр их хэмжээний шороо, тоос  хөөрч агаарыг бохирдуулж байна. Эдгээр агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо зарим сумдад жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Өмнөх онуудынхтой харьцуулсан судалгаанаас харахад түлшний хэрэглээ нэмэгдэж түлхүү нүүрс хэрэглэх хандлагатай болжээ. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 11-100кВт хүчин чадалтай зуух сүүлийн жилүүдэд багасч байгаа нь сайшаалтай. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн технологийн зориулалттай зуух нь утаа гарах янданд агаарын бохирдлыг багасгах шүүлтүүр нь эвдэрсэн, хянах самбар нь шаардлага хангахгүй тул байгаль орчинг бохирдуулж  хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Мөн агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр өнгөрсөн жилийн эцэст 14208  тоологдсон  нь өмнөх оноос 1224-өөр нэмэгдсэн байна. Хэдийгээр Завхан аймагт өнөөдрийн байдлаар агаарын бохирдол хэвийн хэмжээнд байгаа ч иргэд аж ахуйн нэгжүүд хэрэглэж буй түлшээ байгаль орчинд ээлтэй боловсруулагдсан түлшээр хангах, дулаан үйлдвэрлэлийг нэгдсэн болгох, хөдөлгөөнт эх үүсвэрүүдийг тухай бүр нь оношилгоонд бүрэн хамруулах шаардлагатай юм хэмээн тус тус мэдээлэв. 


Холбоотой мэдээ