Цаг ашиглалт, ажлын бүтээмж, харилцаа хандлагадаа онцгой анхаарахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-29 14:15:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил төрийн ажил үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг аймгийн “Удирдах ажилтны зөвлөлгөөн”-ий үеэр онцлон даалгалаа.

Мөн тэрээр төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагч бүр цаг ашиглалт, ажлын бүтээмж, харилцаа хандлагадаа онцгой анхаарахыг ч энэ үеэр онцлон санууллаа.

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг, бүрэлдэхүүн 2018 оныхоо ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн тунгаан хэлэлцсэн “Удирдах ажилтны зөвлөлгөөн”-өө энэ сарын 25-ны өдөр зохион байгуулсан юм. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөлгөөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг яам, тамгын газрын төлөөллийг оролцуулснаараа онцлог байв. 

Зөвлөлгөөнд “Төрийн албан хаагчийн манлайлал ба ёс зүй” сэдэвт илтгэлийг МУИС-ийн багш докторант М.Нармандах тавилаа. “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа танилцуулав. Мөн 2018 оны салбарын аваргууд, тэргүүний сум, байгууллагуудыг тодруулан урамшууллаа. Тухайлбал 2018 оны ажил, үйлчилгээгээрээ М.Цогбаяр ИТХ-ын дарга, П.Батбаатар Засаг даргатай Орхонтуул сум тэргүүлж, Л.Ганбаатар ИТХ-ын дарга, О.Буянаа Засаг даргатай Сайхан, С.Мягмартогтох ИТХ-ын дарга, М.Баярбаатар Засаг даргатай Шаамар, Г.Отгонжав ИТХ-ын дарга, Ж.Отгондалай Засаг даргатай Жавхлант Б.Ганболд ИТХ-ын дарга, Н.Лхагвадорж Засаг даргатай Мандал сумд удааллаа. 2018 оны ажил, үйлчилгээгээрээ Б.Мөнхтөр даргатай Хүнс, хөдөө аж ахуйн газар, Л.Зоригтбаатар даргатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, А.Энхбат даргатай Цагдаагийн газар, Ж.Отгонхүү даргатай Мэргэжлийн хяналтын газар, У.Батмөнх даргатай Биеийн тамир спортын газрууд шалгарч, бусдыгаа манлайлжээ. Харин нийгмийн салбарын үйлчилгээний шилдэг байгууллагаар Ц.Эрдэнэчимэг даргатай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Д.Бат-Эрдэнэ даргатай “Цант Орхон” ОНӨААТҮГ тус тус шалгарлаа. Мөн зөвлөлгөөний үеэр аймгийн Засаг даргаас аймгийн ЗДТГ, Засаг даргын эрлэх асуудлын хүрээний агентлагууд, Сумдын Засаг дарга, Нийгмийн салбарын удирдах ажилтнууд, ОНӨААТҮГ-ууд, сум дундын Ойн ангиуд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2019 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан баталгаажууллаа.

Зөвлөлгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, БОАЖЯамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, ЗТХЯамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал, БСШУСЯамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэбулаг нарын албаны хүмүүс оролцожаймгийн удирдах ажилтнуудтай санал бодлоо солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах боломж, анхаарах асуудлуудаа ярилцлаа.

 

Холбоотой мэдээ