Булган аймагт зам тээврийн ослын 81,5 хувь хот хоорондын замд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-22 22:58:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 46 бүртгэгдэж 16 хүн нас барьж, 28 хүн гэмтсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлыг өмнөх жилийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 35,2, нас барсан хүний тоо 6,2 хувиар тус тус өсчээ.

Зам тээврийн осол, хэргийн 81,5 хувь тус аймгийн нутгаар дайран өнгөрдөг улсын чанартай гурван чиглэлийн 415 километр замд гарсан судалгаа байна.

- Бүртгэгдсэн зам тээврийн ослуудыг судлан үзэхэд жолооч үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед хурд хэтрүүлсэн, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн, жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, явган зорчигч өөрийгөө хянах чадваргүй согтсон үедээ замын хөдөлгөөнд оролцсон, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож холын замд хөдөлгөөнд оролцсон, бүрэн бус, гэрэлтүүлэггүй мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, малчид малаа хариулгагүй улсын чанартай зам руу оруулсан зэрэг шалтгаан нөхцөлүүдтэй холбоотой байлаа гэж аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Б.Ганзориг ярилаа.

Холбоотой мэдээ