Цамхагаас таримал ойг үзэхээр ирэхдээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-22 22:49:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. БНСУ-ын Юухан Кимборли ХК нь 2003 оноос эхлэн Тужийн нарсан ойд өөрсдийн хөрөнгөөр ойжуулалт хийсэн байна. Энэхүү буянт үйлс хийж, ойжуулсан талбайгаа иргэд, аялагчдад үзүүлэх зорилгоор эднийх тус ойд 6х7 харьцаатай, 10 метрийн өндөр цамхаг барьж, өнгөрсөн оны намар  ашиглалтад өгсөн юм.

Тус цамхагаас таримал ойг үзэж, сонирхох иргэд ихэсч байгаа нь сайшаалтай ч нөгөө талаасаа зарим иргэд хогоо замбараагүй хаях, тэмдэг тэмдэглэгээг сүйтгэх, цамхагийн ойр орчимд ил задгай бие засах, гал түлэх үзэгдэл ихсэх хандлагатай байгаа аж. Энэ нь цаашид байгаль орчноо бохирдуулах, өсвөр нарсан ойд түймэр гарах эрсдэл учирч болзошгүй байгаа гэлээ. Иймд цэвэр агаарт гарч, байгалийн сайхныг үзэхдээ соёлтой хандаж,  ухамсартай байж, хайрласан хамгаалсан, биширсэн харц үлдээж буцахыг Тужийн нарсны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас иргэдэд хандаж хичээнгүйлэн хүслээ.

Монголдоо цор ганц байдаг Сэлэнгэ аймгийн үзэсгэлэн бүрдсэн байгалийн цогцолборт газар бол яах аргагүй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумын нутгийг дамнан, Сүхбаатар сумын төвөөс найман км-ийн зайд орших Тужийн нарсан ой билээ. Энэхүү ойд хийгдсэн ойжуулалт нь Монголдоо хамгийн их талбайг амарсан ойжуулалт гэдгээрээ түүхэн онцлогтой. Тужийн нарсан ой нь 1990-ээд оноос эмх замбараагүй мод бэлтгэл, их хэмжээний ой хээрийн түймэр, түүнээс үүдэн бий болсон өвчин хортоны улмаас 70 хувь устаж мөхлийн ирмэгт хүрсэн байна. Гэсэн ч сайн санаат хүмүүс, аж ахуйн нэгж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар эрчимтэй ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж өдгөө 90 гаруй хувь нь сэргэн ургаад байгаа юм.

 

Холбоотой мэдээ