Хятад, Монгол, Орос цагаан тогорууг хамтран судалж, хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-01-22 15:28:55

МОСКВА. /RIA Novosti/. БНХАУ, ОХУ болон Монгол Улсын зургаан байгууллага өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хятадын Зянси мужийн Нанчан хотод цагаан тогорууг судлах, хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.


Баримт бичигт Бээжингийн ойн академийн дархан цаазат газрыг судлах шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн, Цагаан тогорууны тоо толгойг хамгаалах Нанчаны төв, Оросын Шинжлэх ухааны академийн /ШУА/ Сибир дэх салбарын Үржил шимт давхаргын биологийн асуудлын хүрээлэн, ШУА-ын Алс Дорнод дахь салбарын Ус ба байгаль орчны асуудлын хүрээлэн, Монгол Улсын Жигүүртэн амьтдыг хамгаалах төв болон Дорнод аймгийн Дархан цаазат газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.


Санамж бичигт заасны дагуу, цагаан тогорууд өвөлждөг газруудыг судлах, өвөлждөг бүсүүд дэх тоо толгойн хөдөлгөөнийг тасралтгүй ажиглах, өвөлждөг тогоруудын тоо толгойн талаар мэдээлэл цуглуулах, хоол тэжээлийн нөөцийн байдлыг үнэлэх, тархсан газрын байдлыг Хятадын тал хариуцна. Оросын тал энэ шувуудын үүрлэдэг газруудын судалгааг харин Монголын тал цагаан тогоруудын зусдаг газруудыг судлах ажлыг хариуцахаар болжээ.


Одоогийн байдлаар Хятадын тал хиймэл дагуулын тусламжтайгаар онцгой 10 цагаан тогорууны нүүдлийг хэдийнэ ажиглаж эхэлсэн байна. Цаашдаа үүрлэдэг газрууд, зун болон өвлийг өнгөрүүлдэг бүсүүдийг ажиглахаар төлөвлөж байгаа бөгөөд хүлээж авсан мэдээллүүдийг талууудад бүгдэд нь өгөх аж.

Холбоотой мэдээ