Подкаст ашиглаж онлайн хэлэлцүүлэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-22 13:39:42

Дорноговь /МОНЦАМЭ/.  Мэдээллийн технологийн нэгэн шинэ шийдэл буюу подкастыг /Podcast/ анх удаагаа ашигласан онлайн хэлэлцүүлэг бага насны хүүхдийн хүмүүжил "Эцэг эх багшийн оролцоо" сэдвийн хүрээнд Дорноговь аймгийн “DTV” телевизийн байранд нэгдүгээр сарын  22-нд боллоо.

Подкастыг хүмүүс интернет радио гэж ойлгодог ч жирийн радио шиг биш сонсогчдод аливаа үйл явдлын үндэс суурь, баримтыг тухайн зүйлд мэргэшсэн хүмүүсийг урьж оролцуулан цувралаар тайлбарлаж мэдлэг түгээх зорилготой байдгаараа онцлогтой.

Подкастуудыг ихэнхдээ вэб хуудас, аппликэйшн эсвэл блогуудад аудио хэлбэрээр байршуулдаг бөгөөд сонирхсон хүн бүхэн тухайн аппликэйшнээс дата ашиглан татаж сонсож болдог, сэтгэгдлээ үлдээхээс гадна  хүссэн хүн онлайнаар хаанаас ч хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.

Хэлэлцүүлэгт хилийн чанадаас “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын үүсгэн байгуулагч тэргүүн, сэтгэлзүйч А.Хонгорзул, “ANU music хөгжмийн цогц сургалтын төвийн үүсгэн байгуулагч н.Жаргалмаа, Dornogovi” телевизийн захирал, сэтгүүлч З.Энхзул, dornogovipost.mn сайтын эрхлэгч Эрдэнэбулган, Хүний эрхийн үндэсний комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Энхтуяа, аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ариунтуяа, Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Шинэжаргал болон эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Онлайн хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны харьяа, Дорноговь аймаг дахь Галба Өөш долоодын говийн сав газрын захиргааны  мэргэжилтэн Э.Пүрэв хөтлөн явуулсан юм.

Хэлэлцүүлгээр бага насны хүүхдийн хүмүүжил хийгээд эцэг эх,багшийн үүрэг оролцооны тухай орон нутгийн нөхцөл байдал, бодит жишээг дурдаж  санал бодлоо солилцсон байна.

Холбоотой мэдээ