Ажлын цаг ашиглалтыг бүх шатандаа сайжруулахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 21:40:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн - 2019” Баянхонгор хотноо энэ сарын 21-нд боллоо.

Энэ оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" байхаар Засгийн газраас тогтоосон бөгөөд энэ хүрээнд төрийн ажил үйлчилгээг иргэн нэг бүрт хандуулахад аймгийн удирдлагууд анхаарч байна. Жилийн ажлын хүрээнд иргэний санал хүсэлт - тѳрийн хүсэл зориг байлгахад тѳрийн алба анхаарч ажиллах аж.

Зөвлөлгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, “Ажлын цаг ашиглалтыг бүх шатандаа сайжруулж, иргэн рүүгээ чиглэсэн оновчтой арга ажиллагааг бүх төрийн байгууллагын удирдлагууд үндсэн үйл ажиллагаандаа хурдтай нэвтрүүлэх ёстой”-г анхааруулж, хийх талаасаа эвээ ололцож, шат ахисан олон амжилтын төлөө хамтарч ажиллахыг хүссэн юм.

Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 2016 оны сүүлчээс 2018 оны сүүлч хүртэлх хоёр жилийн аймгийн ажлын үзүүлэлт, төрийн байгууллагын ажил үйлчилгээний талаарх үндсэн үзүүлэлтийг эмхэтгэсэн сахилга хариуцлага, зохион байгуулалт, үр дүн сэдэвт үндсэн тайлан илтгэлийг танилцуулав. Тэрээр, Сахилга хариуцлага өндөр, зохион байгуулалттай, үр дүнтэй ажиллахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай болохыг онцолж байлаа.

Зөвлөлгөөнд Баянхонгор аймгийн бүх сумдын удирдах албан тушаалтнууд, төрийн байгууллагын удирдлагуудын нийт бүрэлдэхүүн болох 300 шахам хүн оролцсон байна. 2018 оны төрийн ажил үйлчилгээний чанар, стандарт, үзүүлэлтээр Баян-Өндөр сум Баянхонгор аймгийн шилдэг сумаар шалгарсан бөгөөд мөн үеэр шагналыг гардуулж, 15 сая төгрөгийн батламжийг олголоо.

Баянхонгор аймгийн "Удирдах ажилтны зөвлөлгөөн"-ий хүрээнд төрийн албаны удирдах албан тушаалтны андгай өргөсөн бол аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Холбоотой мэдээ