УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг энэ сарын 25-нд өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-21 12:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг энэ сарын 25-нд өргөн барихаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийв.

УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалыг энэ сарын 10-нд зохион байгуулж, улмаар Сүхбаатарын талбайд суулт зарлан иргэдийн гарын үсгийг цуглуулж буй юм. Одоогоор нийт 30 мянган иргэн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан гэдгийг Л.Болд гишүүн хэллээ.

Мөн тэрбээр, “Энэ сарын 25-нд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хууль хэрэгжиж эхлэх өдөр өргөн барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа “60 тэрбум”-ын хэрэг, стратегийн ордуудыг ард түмний мэдэлд шилжүүлэх, Засгийн газрын 28 сангийн үйл ажиллагаа болон Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концессын гэрээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлно” гэлээ.

Холбоотой мэдээ