Голомтот бүсийн 73 гахайг устгалд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-22 15:44:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 2,7 дугаар багийн 9 өрхөд гахайн мялзан өвчин  эн э сарын 16-ны өдөр бүртгэгдэж хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг тогтоож 14 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал шилжин ажиллаж байна.  

Харин 17-ны өдөр дахин Дархан сумын 7 дугаар багийн иргэн Ц-ийн үхсэн гахайн сэг зэмээс гахайн Африкийн мялзан өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн аж. Уг өвчний тархалтын хүрээг тэлэхгүйн тулд өвчилсөн болон голомтот бүсийн гахайг устгажээ.

Тус өвчин бүртгэгдсэнээс хойш нийтдээ аймгийн хэмжээнд 49 гахай, 24 сэг зэмийг устгаж голомтын бүсэд байнгын ажиллагаатай 2 хяналтын цэгийг байгуулан ажиллуулж байгаа аж.

Цагдаагийн газраас хамгаалалтын бүс тогтоож, хяналт шалгалтын чиглэлээр Замын цагдаагийн Буурал хангай /Улаанбаатар-Дархан/, Түшиг уул,/Сэлэнгэ-Дархан/ Хараа голын хяналтын постуудад нийт 9 албан хаагч томилогдон 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Хөл хорио тогтоосон хязгаарлалтын бүсэд 9 өрхийн 35 иргэн байгаа бөгөөд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг эмч, сувилагч, жолооч нийлсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг үзүүлж байгаа талаар аймгийн Засаг даргын Гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Батбаяр мэдээлэв.

Мөн “Дархан ус суваг” ХК-тай хамтран голомтын бүсэд байгаа иргэдийг 9 тн ундны усаар хангах ажлаас гадна МХГ-аас гахайн махаар үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа эрхэлдэг 45 ААНБ, 41 иргэн, нийт 91 объектын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэр үйлчилгээндээ мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бусад бичиг баримтгүйгээр үйлчилгээ эрхэлж байсан нэр бүхий аж ахуй нэгжийн нийт 94,3 кг гахайн махыг холбогдох журмын дагуу устгалд оруулсан аж.

Дашрамд гоц халдварт гахайн мялзан өвчин нь хүнд халддаггүй ч хүн өөрөө тээвэрлэгч болдог гэдгийг анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.

Холбоотой мэдээ