Мал тооллогын эцсийн дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-21 12:28:51

Архангай /МОНЦАМЭ/. Мал тооллогын эцсийн дүн гарч, оны өмнөх урьдчилсан дүн дээр 500-аад толгой мал нэмэгдэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн нийт малын тоо 5,482 мянгад хүрчээ.

Үүнээс 1.3 мянга нь тэмээ, 378.4 мянга нь адуу, 621.2 мянга нь үхэр байгаа ба нийт малын 54.4 хувь нь буюу 2981.8 мянга нь хонь, 27.3 хувь буюу 1499.3 мянга нь ямаа байгаа ажээ.


Өнгөрсөн оныхоос нийт малын тоо 3.5 хувиар буюу 190.3 мянган толгойгоор өссөний дотор хонь 136.7 мянган толгойгоор, ямаа 63.9 мянган толгойгоор  тус тус  өссөн байна. Харин тэмээ 128 толгойгоор, адуу 2.7 мянган толгойгоор, үхэр 7.5 мянган толгойгоор тус тус буурсан байна. Сумдаас Эрдэнэмандал 521.9 мянга, Хайрхан 404.2 мянган толгой малаар тэргүүлж байна.  


2018 оны мал тооллогын ажлын нэг онцлог нь малчдын малын хашааг тоолсон явдал байлаа. Аймгийн хэмжээнд нийт 24.8 мянган  малын хашаа байгаагаас 4.9 мянга нь дулаан байр, 14.3 мянган саравчтай, 5.6 мянган саравчгүй, бод малын  хашаа 2127  ширхэг байжээ.  


Мөн 2018 оны эцэст 167 гахай, 80 шувуу, 43 бүл зөгийг иргэд тэжээж бүтээгдэхүүнийг нь авч ашиглаж  байна.     

Холбоотой мэдээ