"Цагаан сар" үзэсгэлэн худалдаа эхэллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-01-18 14:23:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтаж жил бүр зохион байгуулдаг "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа  нэгдүгээр сарын 18-нд эхэллээ.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд нэг дороос хүргэх, шилдэг үйлдвэрлэгч, шилдэг бүтээгдэхүүнийг тодруулж урамшуулдаг энэ удаагийн үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Нэг суурин-Нэг бахархал” аяны хүрээнд зохион байгуулж байна .Ааруул цагаан идээ, гар урлал, гоёл чимэглэл, мах, махан бүтээгдэхүүн, модон эдлэл, нарийн боов, бэлэг дурсгал, жимс жимсгэнэ, хувцас оёдол, эрүүл мэндийн чиглэлээр 160 гаруй аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэжээ. Архангайн цагаан идээ, Сэлэнгийн зөгийн бал, Дарханы гоёлын хувцас ч хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна. 

Сайншанд сумын ЗДТГ, аймгийн ХХААГ-тай хамтран орон нутгийн хэмжээнд жилийн турш зарлаад байгаа нутгийн брэнд бүтээгдэхүүн тодруулах аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын нэг хэсэг нь "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа гэж албаныхан тодотгов.

Шилдэг сав баглаа боодол, шилдэг оролцогч, ахмад үйлдвэрлэгч, шилдэг өрхийн үйлдвэрлэгч, сайн зохион байгуулалттай сум, хүнс хөнгөн үйлдвэрийн чиглэлээр шилдэг, шинэ бүтээгдэхүүнийг тодруулж урамшуулна. Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, ХХААГ, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ