Завханы залуус манлайллыг өөрөөсөө эхэлж эерэг хандлагыг нийгэмд түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:22:06

Завхан/МОНЦАМЭ/.Завханд залуучууд нэгдэж хариуцлагатай манлайлал сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалт нь орон нутаг дахь залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах явцад залуучуудын оролцоог дээшлүүлэх, тэдний хөгжил оролцоо боловсролыг дэмжиж ардчилсан нийгмийн хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт юм.

Тус сургалтыг НҮБ, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион явуулж Улиастай сумын салбар бүрийн 15 залуу хамрагдсан байна. Сургалтаар манлайлал ба удирдлага, өөрийн эрхийг мэдэх ба түүнийг шаардах тухай, манлайлал ба удирдлагын ялгаа, хүчирхийллийн бус аргаар зөрчилдөөнийг шийдвэрлэх нь, идэвх ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл, саад тотгор ба сорилтыг даван туулах нь зэрэг олон сэдвүүдээр яриа таниулга, дасгал ажилласан байна. Сургалтын үеэр залуучууд өөрсдөө сонирхлоороо нэгдэж, дараа нь бие биенээсээ суралцаж, хөгжиж, оролцоогоо нэмэгдүүлнэ. Үүний дараа үйл ажиллагаа зохион байгуулж, гадагшаа тэлж ижил үзэл бодол, зорилготой хүмүүсийг эгнээндээ нэгтгэж, бусдад нөлөөлж өөрсдийн дуу хоолойгоо нийгэм, аймаг орон нутагт хүргэх хэрэгтэй гэдгийг үйл ажиллагаагаараа харуулахыг зорино хэмээн дуу нэгтэй санал солилцов. Өөрөөр хэлбэл залуу хүн халамж хүртэгч бус харин ч хөгжих боломжийг олговол тэд хөгжлийг тэргүүлэн, нийгэмд өөрчлөлт авчрагч, нийгмийн нөөц баялаг юм гэдгийг тэд харуулна хэмээн Хариуцлагатай залуу манлайлагч сургалтад оролцогчид хэллээ. Тэд ирэх амралтын өдөр клубынхээ анхны хурлыг зохион байгуулж 2019 оныхоо төлөвлөгөөг гаргах юм байна. Залуучууд нийгмийг өөрчилнө гэж хүн бүр л ярьдаг. Гэвч тэдэнд зориулсан хөтөлбөр, бодлого, хууль, тогтоомж байна уу? Залуучууд гэсэн том малгай байгаа ч залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд болон улс орны хөгжлийн томоохон зорилтууд өөр хоорондоо нягт уялдаагүйгээс эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоо хязгаарлагдмал байсаар байгаа нь өнөөдрийн бодит дүр зураг. Залуучуудын оролцоог бүхий л талаар нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих замаар шийдвэрээ өөрсдөө гаргаж, өөрсдөө хариуцлагаа ухамсарладаг нийгмийг цогцлоох асуудал чухлаар тавигдсаар өнөөг хүрлээ. Тэгвэл ийнхүү Завханы “Хариуцлагатай залуу манлайлагч” клуб дахин сэргэж шинээр 15 залуугаар эгнээгээ өргөтгөн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо хэмээн тус клубын ахлагч Л.Олонбаяр мэдээллээ. 

Холбоотой мэдээ