Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар баримталж буй Монгол Улсын бодлогыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-17 11:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын 27-р чуулганы “Улс төр, аюулгүй байдал”, “Эдийн засаг ба худалдаа”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаануудад оролцлоо.  Уг чуулган Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо энэ сарын 14-17-ны өдрүүдэд болж байгаа юм.

Ё.Баатарбилэг Улс төр, аюулгүй байдлын салбар хуралдаанд цахим аюулгүй байдлын асуудлаар үг хэлсэн. Тэрбээр, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар баримталж буй Монгол Улсын бодлого, шинэчилсэн хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал, парламентад Цахим бодлогын түр хороо байгуулсан, цахим орчинд хүүхэд хамгааллыг тэргүүлэх чиглэл болгох зорилгоор Фэйсбүүк компанитай гэрээ байгуулсан зэргийг онцолж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулав.

Хуралдаанд оролцогчид тус бүсэд болсон хоёр Солонгосын болон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний түүхэн уулзалтууд нь Ази төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсныг дурдаад, Ази, Номхон далайн бүсийн дэлхийн эдийн засагт дарах жин ч мөн жил ирэх тутам нэмэгдсээр байгааг онцолсон.

Эерэг үр дүнгийн хажуугаар зөрчил, мөргөлдөөн, терроризм, хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах болон үндэстэн дамнасан гэмт хэргүүдээс үүдсэн аюул заналхийлэл ч мөн оршиж, эдгээрт даяаршил, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тархалт ихээхэн нөлөөлж байгааг анхааруулав. Асуудлыг шийдвэрлэхэд парламентууд салбар хоорондын уялдааг хангасан нэгдсэн, цогц бүсийн хэмжээний төсөл, хөтөлбөр баталж, хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй хэмээн талууд санал нэгджээ. 

Орон нутагт ажлын байр нэмэгдэж, гадаадад цагаачлах явдал буурахад эерэг нөлөөтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомжийг сайжруулахыг мөн зөвлөсөн.   

Холбоотой мэдээ