Бензин шатахууны чанар шалгах лаборатори огт ашиглалтгүй, цоожтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-17 12:53:41


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бензин шатахуун импортолдог том, жижиг 11 аж ахуйн нэгжийн 150 орчим түгээгүүр ажиллаж байна. Аймгийн Стандарт, хэмжил зүйн газраас түгээгүүрийн шингэн хэмжигчид жилд хоёр удаа хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн онд 11 аж ахуйн нэгжийн  66 ШТС-д уг шалгалтыг хийхэд зөрчил илрээгүй аж. Харин бензин шатахууны чанарт тус байгууллагаас хяналт шинжилгээ хийх зориулалтын багаж тоног төхөөрөмж, лаборатори байхгүй тул хэмжих боломжгүй байна.

“Увс аймагт нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй бензин шатахууны чанар ямар түвшинд байгааг хэрэглэгчид зайлшгүй мэдэх эрхтэй. Гэвч үүнийг нь шалгах багаж хэрэгсэл манай хэлтэст байхгүй. Жил бүр хийдэг хяналт шалгалтаар зөвхөн түгээгүүрийн шингэнд хэмжилт хийдэг. Энэ шалгалтаар ноцтой зөрчил илэрдэггүй” хэмээн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн В.Түвшин хэллээ.

Уг нь бол Ашигт малтмал, газрын тосны газрын Увс аймаг дахь төлөөлөгчийн газрын харьяанд бензин шатахууны чанарт хяналт шинжилгээ хийх зориулалт бүхий лаборатори байдаг ч огт ажиллаагүй байна. Учир нь тус төлөөлөгчийн газрыг хариуцаж ажилладаг А.Баянмөнх гэх хүн өнгөрсөн хугацаанд ажилдаа огт ирээгүй аж. Иймээс их хэмжээний төсөв мөнгө шингэсэн тус лабораторийг ашиглалтад оруулж, хэрэгцээт байгууллагад нь нэн яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна. 

Холбоотой мэдээ